Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Вьетнамын сайдын дүрс бичлэг тарсны дараа #saltbae хаштаг яагаад хаагдсаныг Фэйсбүүк шалгаж эхэлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Саяхан Вьетнамын нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Лондон хотын тансаг ресторанд алтан навчинд ороосон үхрийн мах зооглож байгааг харуулсан дүрс бичлэг интернэтэд дуулиан тарьсан билээ.

Энэ явдлын дараа рестораны эзэн Salt Bae нэрээр дэлхий дахинд алдаршсан турк тогооч Нусрет Гёкчегийн #saltbae хаштагийг Фэйсбүүк сүлжээнд учир битүүлэг шалтгаанаар хориглосон байжээ.

Уг хаштагийг зөвхөн Вьетнамд төдийгүй, дэлхий даяар хориглосон байна.

Өчигдөр Фэйсбүүкийн толгой компани Метагаас хаагдсан хаштагийг буцааж сэргээснээ мэдээлжээ. “Бид блоклогдсон хаштагийг Фэйсбүүк сүлжээнд буцааж сэргээлээ. Яагаад ийм зүйл болсныг мөрдөн шалгаж байна” гэж Мета компани мэдэгдэлдээ өгүүлсэн байна.

Вьетнамын сайд То Ламын зооглосон алтанд ороосон үхрийн махан стэйкийн хамгийн өндөр үнэтэй нь $1,960 хүрдэг гэнэ.

64 настай Лам өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн чуулганд оролцохоор Их Британид очоод байжээ.

Сайдын дүрс бичлэг цар тахлын улмаас эдийн засгийн хүнд нөхцөлд амьдарч байгаа вьетнамчуудыг ихэд хилэгнүүлсэн юм. Дэлхийн Банкны тодорхойлолтоор Вьетнам улс нь бага дунд орлоготой улсуудын тоонд ордог. Тус улсын засгийн газрын сайдын сарын цалин 16 сая орчим донг ($705) гэсэн мэдээлэл бий.

То Лам сайдын дүрс бичлэгийг устгах хүсэлт Вьетнамын засгийн газраас ирсэн эсэхийг тодруулахад Фэйсбүүк компани хариулахаас татгалзсан байна.

97 сая хүн амтай Вьетнам улс Фэйсбүүкийн хувьд Зүүн Өмнөд Азийн чухал зах зээлд тооцогддог.

 

Эх сурвалж: Reuters