Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Хоёр жил дараалан ашиглаагүй 32 иргэн, хуулийн этгээдийн 10 гаруй га газрын эзэмших эрхийг хүчингүй болгох санал хүргүүлнэ"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнгөрсөн долоо хоногт болсон хуралдаанаар барилга барилгүй нүх ухаж, хог овоолсон, хоёр жил дараалан ашиглаагүй газруудын асуудлыг хэлэлцэж,  үүнийг цэгцлэн газар эзэмших эрхийг нь цуцлахыг үүрэг болгосон.

Судалгаагаар нийслэлийн хэмжээнд барилга барилгүй нүх ухаж, хог овоолсон 43 байршил, хоёр жил дараалан ашиглаагүй 32 газар байгаа нь тогтоогджээ.

Энэ тухай Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны холбогдох хүмүүсээс товч тодрууллаа.

"Шууд газар эзэмших эрхийг нь цуцлах биш тухайн зөрчлийг арилгуулах нь чухал"

Нийслэлийн ГЗБА-ны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Мөнхбаяр "Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/375 дугаар захирамжийн хүрээнд байгуулагдсан ажлын хэсэг орчны бохирдол үүсгэн удаан хугацаанд ухсан нүх, овоолсон шороо, эвдэрч нурсан хашаатай газрын судалгааг хийсэн.

Судалгаагаар нийслэлийн хэмжээнд 43 байршилд ухсан нүх, овоолсон шороотой газар байсан. Үүнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн долдугаар сард дүгнэлт гаргасан.

Улмаар тухайн иргэн, хуулийн этгээдэд шаардлага хүргүүлэн тухайн зөрчлүүдийг арилгуулах, газар дээр барилгын ажлыг эхлүүлэх шаардлага тавьсан.

Дээрх 43 байршлаас

  • 11 байршил нь газраа өмчилж авсан иргэний газар
  • Тусгай хамгаалалттай газар нутаг дээр таван байршил,
  • Барилгын ажил нь эхлээд барилга нь баригдсан буюу зөрчлөө арилгасан есөн байршил
  • Гурван байршлын газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон. Тиймээс одоогоор газар эзэмших эрхийг нь хүчингүй болгох, зөрчлийг арилгуулах дөрвөн байршил байгаа.

Энэ тал дээр Засаг даргын зөвлөлийн хурлаар гарсан шийдвэрээр зөрчлийг нь арилгуулахаас эхлээд эзэмших эрхийг нь хүчингүй болгох хүртэл арга хэмжээг яаралтай авах үүрэг чиглэл өгсөн.

Газраа өмчлөөд авсан иргэний Үндсэн хуулиар олгогдсон эрхэд халдаж болохгүй.

Харин Тусгай хамгаалалттай газар нутгийн хувьд эзэмших, ашиглах зөвшөөрлийг нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгодог тул нийслэлээс газар эзэмших эрхийг нь хүчингүй болгох асуудалд оролцохгүй. Ингээд тооцохоор яг дөрвөн байршлын газар ийм барилгын нүх ухсан, шороо овоолсон ч барилгын ажил хийгдээгүй тул зөрчлийг арилгуулна.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутагт хамгийн сүүлд 2015 онд газар эзэмших эрх нь олгогдсон ч өдийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй буюу ямар ч ажил хийгдээгүй талбай байна. Энэ нь ухсан нүх, орчны эрүүл аюулгүй байдлыг алдагдуулахын зэрэгцээ хоёр жилийн хугацаанд газрыг ашиглаагүй зэрэг асуудлууд бүгд давхар яригдана.

Гэхдээ газар эзэмших эрхийг нь шууд цуцлах биш гол нь тухайн зөрчлийг л арилгуулах нь чухал гэдгийг ойлгох хэрэгтэй" гэсэн мэдээлэл өгөв.

"Тухайн газруудаас зургаан байршил нь шүүхийн маргаантай байгаа"

Мөн тэрбээр "Бид Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмших эрхийг нь хүчингүй болгох гэж байгаа тухай мэдэгдсэний дараа хүчингүй болгодог.

Түүний дараа шат шатанд нь арга хэмжээ аваад явдаг. Гэвч газар эзэмших эрхээ хүчингүй болгуулсан тухайн иргэн, хуулийн этгээд шүүхэд хандах ч тохиолдол гардаг.

Шүүх дээр маргаантай байгаа газрын асуудал ч олон бий. Тухайлбал, дээрх газруудаас шүүхийн маргаантай зургаан байршил байгаа" гэдгийг хэллээ.

"Хоёр жил эзэмшсэн газраа ашиглаагүй 32 иргэн, хуулийн этгээдийн нийт 10 гаруй га газрыг хүчингүй болгох санал хүргүүлнэ"

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Б.Өрнөх "Газрын тухай хуульд заасны дагуу хоёр болон түүнээс дээш жил ашиглагдаагүй бол холбогдох хууль тогтоомжийн дагуу газар эзэмших, ашиглах эрх нь хүчингүй болдог.

Одоогоор нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд хоёр болон түүнээс дээш жил газрыг ашиглаагүй 32 иргэн, хуулийн этгээдийн нийтдээ 10.2 гаруй га газрын судалгааг бид гаргасан.

Тухайн иргэн хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авахаар ажиллаж байна. Хоёр жил ашиглагдаагүй 32 байршлын ихэнх нь Хан-Уул болон Баянзүрх дүүрэгт байна.

Захиргааны ерөнхий хуулийн дагуу тухайн газар эзэмшигчийг ямар хууль тогтоомж зөрчсөнийг нь мэдэгдэх буюу сонсох ажиллагаа явуулна. Энэ хүрээнд тус байгууллага тайлбараа ирүүлж болно ирүүлэхгүй ч байж болно. Үүний дагуу л бид Засаг даргад саналаа хүргүүлнэ" гэв.