Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Тоёота компани хүлэмжийн хийг бууруулах чиглэлд хамгийн муу ажиллаж байгаа автомашин үйлдвэрлэгчээр шалгарчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Шотландын Глазго хотод үргэлжилж байгаа COP26 уур амьсгалын дээд чуулганы үеэр Greenpeace байгууллага дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгчид хүлэмжийн хийг бууруулах чиглэлд хэр идэвх зүтгэлтэй ажиллаж байгааг үнэлсэн тайлангаа танилцуулжээ.

Ингэхэд үнэлгээнд хамрагдсан топ 10 компаниас дэлхийн хамгийн том авто үйлдвэрлэгч Японы Тоёота компани хамгийн муу үнэлгээ буюу “F minus minus” дүн авсан байна.

Компаниудыг үнэлэхдээ дотоод шаталтын хөдөлгүүрээс цахилгаан болон бусад ногоон хөдөлгүүртэй технологид хэр хурдан шилжиж байгаа, энэ чиглэлийн судалгаа, хөгжүүлэлтэд хэр их хөрөнгө зарцуулж байгаа зэргийг харгалзжээ.

АНУ-ын General Motors компани “C minus” дүн авсан нь бусдаасаа хамгийн өндөр үнэлгээ болсон байна.

Америк-Европын хамтарсан үйлдвэрлэгч Stellantis ганцаараа Тоёотатай ижил “F minus minus” дүн авсан байна.

General Motors-ийн араас “D” дүнтэй Volkswagen, “D-” дүнтэй Renault, “F+” дүнтэй Hyundai-Kia, Nissan, Honda, “F-” дүнтэй Daimler, Ford компаниуд жагсжээ.

“Өнгөрсөн оны дэлхийн хамгийн том автомашин үйлдвэрлэгч Тоёота дотоод шаталтын хөдөлгүүрээс салахдаа хамгийн хойрго байгаа нь судалгаанаас харагдлаа” гэж Greenpeace East Asia байгууллагын авто салбар хариуцсан төслийн менежэр Ада Кон мэдэгдсэн байна.

Тус компанийг бас дотоод болон гадаад зах зээлд ногоон шилжилтийн талаар хамгийн бага дуугардаг байгууллага гэж тэр тодорхойлжээ.

Greenpeace-ийн тайланд “Тоёота тэргүүтэй Японы зарим компаниуд дотоод шаталтын хөдөлгүүрийг халах хамгийн үр дүнтэй арга бол гибрид технологи гэдэгт итгэлтэй байдаг. Гэвч бодит байдал дээр гибрид хөдөлгүүртэй автомашины хүлэмжийн хийн ялгаруулалт, шатахууны хэмнэлт нь амласан хэмжээндээ хүрэхгүй байгаа” гэсэн байна.

Харин Plug-in Hybrid төрлийн хөдөлгүүртэй загварууд бензин, дизель хөдөлгүүртэй загваруудтай харьцуулахад хүлэмжийн хийн ялгаруулалтыг гуравны нэгээр бууруулж байгааг тайланд дурджээ.

Greenpeace-ийн мэдээлснээр дээр дурдагдсан 10 үйлдвэрлэгчийн аль нь ч Парисын гэрээний зорилт болоод байгаа 2035 оноос өмнө дотоод шаталтын хөдөлгүүрийг халах амлалт аваагүй байгаа гэнэ.

 

Эх сурвалж: AFP