Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

COP26: Дэлхийн 40 гаруй улс эрчим хүч үйлдвэрлэхдээ нүүрс ашиглахаа зогсоохоор санал нэгджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Шотландын Глазго хотод үргэлжилж байгаа уур амьсгалын дээд чуулган COP26-д оролцогч дэлхийн 40 гаруй улс өчигдөр эрчим хүч үйлдвэрлэхдээ нүүрс ашиглахаа зогсоох гэрээнд нэгджээ.

Их Британийн засгийн газрын санаачилсан энэхүү гэрээнд нэгдсэн том гүрнүүд 2030-аад оноос, жижиг улс орнууд 2040-өөд оноос эхлэн эрчим хүч үйлдвэрлэхдээ нүүрс ашиглахаа зогсоохоор болсон байна.

Канад, Польш, Украин, Вьетнам зэрэг томоохон нүүрс хэрэглэгч орнууд уг гэрээнд нэгджээ. Харин Австрали, Хятад, Энэтхэг, АНУ зэрэг эдийн засаг нь нүүрснээс өндөр хамааралтай орнууд нэгдээгүй байна.

Хүлэмжийн хийг нэмэгдүүлэгч нэг гол хүчин зүйл нь нүүрсний хэрэглээ болохыг Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг тодорхойлсон байдаг. Улс орнуудаас гадна банк, санхүүгийн 100 гаруй томоохон байгууллага нүүрсний төслүүдэд хөрөнгө оруулахаа зогсоох амлалт авсан нь дээрх гэрээний нэг хэсэг болсон байна.

Гэвч дэлхийн дулааралтай тэмцэх хөдөлгөөний идэвхтнүүд, судлаачид уг гэрээнд заасан хугацааг хангалтгүй гэж шүүмжилцгээжээ.

Тухайлбал өндөр хөгжилтэй улс орнууд 2030-аад оноос биш, 2030 оноос өмнө нүүрсний хэрэглээгээ зогсоовол аж үйлдвэржилтийн хувьсгалаас хойших дэлхийн дулаарлын өсөлтийг Цельсийн 1.5 хэмд тогтоон барих боломжтой гэж тэд үзэж байна.

 

Эх сурвалж: The Guardian