Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Тээвэр ложистикийн гацаа олон улсад инфляц өсөх шалтгаан болж байна

ikon.mn
2021 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг
АНУ-ын Лос Анжелес хотын Лонг Бийч боомт, 2021 оны X сар /FT/

Дэлхий даяар тээврийн үнэ 2021 оны 8-сард өмнөх оны мөн үеэс 3 дахин өсөж стандарт контейнер тээвэрлэх үнэ $10 мянган доллар дөхсөн байгааг Drewry компаниас тооцож зарладаг индекс харуулж байна. Мөн ачаа тээврийн 83% нь цар тахлын өмнөх үед буюу 2019 онд цагтаа ирдэг байсан бол энэ үзүүлэлт 2021 оны байдлаар 39% болтлоо буурсныг Freightos компани мэдээлжээ. 

 
Стандарт буюу 40 фут контейнер тээвэрлэх дундаж үнэ /Drewry/

Ачаа тээврийн үнэ өсөж, хугацаа нэмэгдэхэд хэд хэдэн хүчин зүйлс голлон нөлөөлснийг шинжээчид онцолж байна. Тухайлбал 2019 онд эрчимжээд байсан худалдааны дайны улмаас компаниуд бараа материалын татан авалтаа нэмэгдүүлээд байсан нь ачаа тээврийн компаниудын хүчин чадал дээд цэгтээ тулахад хүргээд байв.

Үүнээс гадна 2021 оны 3-р сард дэлхийн ачаа тээврийн 12 хувь орчим дайран өнгөрдөг Суэцийн сувагт Evergreen компанийн онгоц зургаан хоног гацаж, олон улсын далайн тээвэрт саад учирч, тээвэр удаашрах нөхцөлийг бүрдүүлж байлаа.

Үүн дээр нэмэгдээд цар тахлын улмаас өнгөрсөн онд хумигдаад байсан ачаа тээврийн эрэлт 2021 он гарснаар эргэн хурдтай сэргэсэн нь ложистикийн салбарыг хүнд байдалд оруулав. Тухайлбал 2020 онд улс орнууд хөл хорио тогтоосноор зарим бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл саараад байсан бол 2021 онд хөл хорио сулрахтай зэрэгцэн хэрэглэгчдийн эрэлт нэмэгдсэн нь боомтуудад ачаа тээврийн гацаа, бөөгнөрөл үүсэх гол шалтгаан болоод буй юм.

Энэ нөхцөл байдал ойрын 1-2 жилдээ үргэлжилж магадгүй байна. Дэлхийн худалдааны байгууллагын тооцсоноор 2021 онд дэлхийн худалдаанд нийт бараа эргэлт 11 орчим хувиар өсөх төлөвтэй. Энэ нь 3-р сарын тооцоолсноос гурван нэгж хувиар өндөр юм. Мөн ирэх онд дэлхийн худалдаа 4.7% өсөх төсөөллийг тус байгууллага танилцуулжээ.

Тээвэр, ложистикт үүсээд буй энэхүү гацаа, бөөгнөрөл нь олон улсад бараа бүтээгдэхүүний хомсдолыг үүсгэж улмаар үнэ өсөх гол шалтгаан болж буй. Тухайлбал АНУ, ОХУ, БНСУ, Япон зэрэг томоохон орнуудад инфляц олон жилийн дунджаас өндөр түвшинд хүрч төв банкуудын зорилтыг даваад байна.