Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Талибанчууд тажик дайчдыг зэвсэглэж, уйгаруудыг Хятадын хилээс нүүлгэжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Афганистанд дэглэмээ тогтоогоод удаагүй байгаа Талибанчууд хөрш Тажикистаны хил дагуу байрладаг тажик үндэстний зэвсэгт бүлэглэлд шинэ зэвсэг, техник олгосон тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Үүнээс гадна тус улсын Хятадтай залгаа хилийн бүс нутгаас уйгар гаралтай дайчдыг Афганистаны бусад бүс нутгуудад нүүлгэн шилжүүлсэн тухай бас мэдээлсэн байна.

Умард хязгаарын Бадахшан мужид байрладаг тажик зэвсэгт бүлэгт Кабулын өмнөх засгийн газрын армид АНУ-аас өгсөн буу зэвсэг, хуягт машин, хувцас хэрэгслийг хуваарилсан тухай хэд хэдэн эх сурвалж мэдээлжээ.

Тэд өмнө нь Калашников автомат буу, хуучирч муудсан пикап автомашинтай байсан бол хоёр долоо хоногийн өмнөөс АНУ-д үйлдвэрлэсэн зэвсэг, Humvee хуягт тэрэг ашиглах болсныг Тажикистаны хилийн албаны эх сурвалж мэдээлсэн байна.

Тажикистантай хил залгаа Афганистаны нутагт одоогоор хамгийн багадаа 200 орчим тажик үндэстнээс бүрдсэн зэвсэгт бүлэг байрладаг гэсэн мэдээлэл бий.

Тажикистан улсын эрх баригчид ч бас Талибанчууд Афганистаныг бүрэн хяналтдаа оруулсны дараа хилийн хамгаалалтаа чангатгаж, зэвсэг техникээ нэмэгдүүлэх болсон юм.

Афганистанаас тус улсад олон мянган дүрвэгч нэвтрэх аюул үүсээд байгаагаас гадна Исламын радикал үзэл суртал нэвтрэх өндөр эрсдэлтэй байгаа.

Тажикистаны засгийн газар Афганистаны бүх үндэсний цөөнхийг багтаасан засгийн газар байгуулахгүй бол Талибаны дэглэмийг хүлээн зөвшөөрөхгүйгээ удаа дараа мэдэгдэж байв. Харин Талибаны дэглэм дотоод хэрэгт нь оролцохгүй байхыг Душанбегийн эрх баригчдад анхааруулж байжээ.

Хоёр улс 1,400 гаруй километр урт зурвасаар хил залгадаг. Тажикистаны засгийн газар уг хил дээрээ 20,000 цэрэг нэмж байрлуулах шийдвэрийг саяхан гаргасан юм.

Афганистан улс Хятад улстай 76 км үргэлжилсэн зурвасаар хиллэдэг.

Уг хилийн дагуу Афганистаны нутагт уйгар үндэстний Зүүн Туркстаны Исламын Хөдөлгөөн нэртэй зэвсэгт байгууллага үйл ажиллагаа явуулдаг юм.

Тэгвэл Талибаны дэглэм саяхан энэ бүс нутгаас уйгар гаралтай дайчдыг Афганистаны бусад бүс нутагт нүүлгэн шилжүүлсэн тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Аль Кайдатай холбоотой гэгддэг Зүүн Туркстаны Исламын Хөдөлгөөнийг Бээжингийн эрх баригчид болон НҮБ террорист байгууллага гэж үздэг юм.

Хятадын тал уг байгууллагыг Шинжаанд тогтворгүй байдал үүсгэх зорилготой гэж буруутгадаг.

Энэ оны долдугаар сард Талибаны төлөөлөгчид Бээжинд айлчлахдаа “Афганий газар нутгийг Хятад улсын эсрэг ашиглахыг хэнд ч зөвшөөрөхгүй” хэмээн мэдэгдэж байжээ.

Үүний хариуд Хятадын засгийн газар Талибаны засгийн газарт үзүүлэх тусламжаа нэмэгдүүлэх тухай амлаж байв.

 

Эх сурвалж: Radio Free Europe