Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Түүхэнд анх удаа дэлхийн тойрог замд киноны зураг авах Оросын уран бүтээлчид өнөөдөр сансарт ниснэ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Хүн төрөлхтний түүхэнд анх удаа дэлхийн тойрог замд уран сайхны кино бүтээх Оросын баг өнөөдөр буюу Мягмар гарагт сансарт нисэх гэж байна.

Жүжигчин Юлия Пересильд, найруулагч Клим Шипенко нар өнөөдөр сансрын нисгэгч Антон Шкаплеровын хамт Оросын Союз хөлгөөр сансарт нисэх юм.

12 хоногийн дараа кино уран бүтээлчид Оросын өөр нэг сансрын нисгэгчийн хамт дэлхийд буцаж ирнэ.

Пересильд, Шипенко нар “Вызов” нэртэй шинэ киноны зарим зургийг Олон Улсын Сансрын Станцын ОХУ-ын хэсэгт авах ажээ. Уг кинонд эрүүл мэнд нь муудсан сансрын нисгэгчийг аврахаар станцад ирж буй эмчийн тухай гарах юм байна.

“Бид сансарт нисэх маш хүнд хэцүү бэлтгэлийг давж чадсан. Бие махбод, сэтгэл зүй, ёс суртахууны хувьд ч тэр үнэхээр хэцүү даваа байлаа. Гэхдээ зорилгоо биелүүлсний дараа энэ бүхэн тийм хэцүү бэрхшээл байгаагүй мэт санагдаж, сайхан дурсамж болж үлдэнэ гэж би бодож байна” гэж 37 настай жүжигчин бүсгүй ярьжээ.

38 настай Шипенкогийн найруулсан хэд хэдэн кино бизнесийн хувьд том амжилт олж байсан юм. Тухайлбал 2019 онд дэлгэцэнд гарсан бүтээл “Холоп” нь Оросын кинотеатрын борлуулалтын дээд амжилтыг тогтоож байжээ.

Дөрвөн сарын турш үргэлжилсэн бэлтгэл сургуулилалт өөрсдийг нь мэргэжлийн сансрын нисгэгч болгохгүй ч зорилгоо биелүүлэхэд хангалттай тусална гэж тэр ярьж байна.

Төслийг анхнаас нь дэмжсэн ОХУ-ын сансар судлалын байгууллага Роскосмосын тэргүүн Дмитрий Рогозин түүхэнд анх удаа тойрог замд уран сайхны кино бүтээснээр Оросын сансрын хүчин чадлыг батлан харуулж, алдагдсан нэр хүндийг нь сэргээнэ гэж үзэж байгаагаа ярьсан юм.

 

Эх сурвалж: Associated Press