Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Анагаах ухааны Нобелийн шагналыг АНУ-ын хоёр эрдэмтэн хүртлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

2021 оны Нобелийн шагналтнуудыг зарлах өдрүүд өчигдрөөс эхэлж байна. Даваа гарагт Нобелийн шагналын хороо хамгийн түрүүнд анагаах ухааны салбарын шагналтнуудыг зарлажээ.

Энэ оны шагналыг АНУ-ын эрдэмтэн Дэвид Жулиус, Ардем Патапутян нар температур, гадны биеийн хүрэлтийг мэдэрдэг хүний мэдрэлийн эсүүдийг нээсэн ажлаараа хүртэх болсон байна.

“Халуун, хүйтэн, механик хүч хэрхэн тархинд мэдрэгдэж, орчин тойронтойгоо зохицох боломж өгдөг нууцыг тэд нээсэн юм” гэж шагналын хороо тайлбарлажээ.

Эрдэмтдийн нээлтийн ачаар өвчин намдаах олон төрлийн эмчилгээний аргууд бий болсон юм байна.

65 настай Жулиус халуун ногооны бүтцэд ордог “capsaicin” хэмээх бодисыг ашиглан хүний арьсны ямар эсүүд халалтыг мэдэрдэг болохыг нээж байжээ. Уг бодисыг хүний арьсанд түрхэхэд түлэгдэж буй мэт мэдрэмжийг төрүүлдэг юм байна.

Харин түүнээс 12 дүү эрдэмтэн Патапутян механик хүчний даралт буюу хүрэлцэхүйг мэдэрдэг бүлэг эсийг анх нээж байжээ.

Жулиус нь Сан Франциско хот дахь Калифорнийн Их сургуулийн профессор бол Патапутян Калифорни мужийн Скриппсийн Судалгааны хүрээлэнгийн профессор юм.

Тэд Нобелийн шагналын 10 сая швед кроныг ($1.1 сая) тэнцүү хувааж авахаар болжээ.

Энэ долоо хоногт физик, хими, утга зохиол, энх тайвны Нобелийн шагналтнуудыг зарлах бол ирэх Даваа гарагт эдийн засгийн салбарын шагналтан тодорно.

Өнгөрсөн оны анагаах ухааны шагналыг элэгний C вирусийг нээсэн эрдэмтэд хүртэж байв. Анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг 1901 оноос хойш жил бүр олгож байгаа.

Энэ жилийн нэр дэвшигчдийн дотроос Covid-19 өвчний эсрэг вакциныг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан mRNA технологийг бүтээгчид шагнал авах хамгийн өндөр магадлалтай гэгдэж байжээ.

Шагналыг санаачилсан Альфред Нобелийн нас барсан өдөр буюу арванхоёрдугаар сарын 10-нд Шведийн нийслэл Стокгольм хотод шинжлэх ухаан болон утга зохиолын салбарын шагналуудыг ёслол төгөлдөр гардуулдаг.

Гэвч цар тахлын улмаас энэ жил ёслол зохион байгуулагдахгүй, эрдэмтэд шагналаа өөр өөрийн эх оронд хүлээж авахаар болжээ.

Харин эдийн засгийн салбарын шагналыг гардуулдаг Норвегийн нийслэл Осло хотод болох арга хэмжээ хэрхэн зохион байгуулагдах талаар эцэслэн шийдээгүй байна.

 

Эх сурвалж: AFP