Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Саакашвилийг ялаа бүрэн эдэлж дууссаны дараа Украин руу буцаахаа Гүржийн ерөнхий сайд мэдэгдэв

Т.Давааням, ikon.mn
2021 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Украин улсын иргэн болсон Гүрж улсын ерөнхийлөгч асан Михайл Саакашвили өнгөрсөн Баасан гарагт төрөлх эх орондоо ирээд баривчлагдсан юм.

Тэрбээр 2004 оноос 2013 оны хооронд Гүрж улсын ерөнхийлөгчийн албыг хашсаны дараа эх орноосоо дүрвэж байжээ.

Саакашвилийг дүрвэсний дараа шүүх түүнд дөрвөн төрлийн ял тулгасны хоёрт нь тогтоол гарсан байна. Тухайлбал банкир Сандро Гиргвилианигийн аллагатай холбогдуулан гурван жил, хууль тогтоогч Валерий Гелашвилигийн биед халдсан хэрэгтэй холбогдуулан зургаан жилийн хорих ялыг Гүржийн шүүх түүнд эчнээ оноож байжээ.

Эх орноосоо дүрвэсэн Саакашвилийг Украин улсын ерөнхийлөгч асан Петро Порошенко өөрийн иргэнээ болгож, нэг үе Одесс хотын даргаар ажиллуулж байсан юм. Гэвч тэр сүүлдээ Порошенкогийн шүүмжлэгч болж, сөрөг хүчний талд ажиллах болжээ.

Саакашвили Баасан гарагт Хар тэнгисийн боомт Батуми хотод ирээд баривчлагдаж, одоо нийслэл Тбилиси хотын ойролцоох Рустави хотын шоронд хоригдож байгаа гэнэ.

Өчигдөр Гүржийн ерөнхий сайд Иракли Гарибашвили орон нутгийн телевизийн  сувагт ярилцлага өгөхдөө экс ерөнхийлөгчийн ялыг бүрэн эдлүүлсний дараа Украин руу буцаах тухай ярьжээ.

“Бид Гүржийн ерөнхийлөгчөөр есөн жил ажилласан хүний тухай ярьж байна. Түүний манай улсын иргэний харьяаллаас сайн дураараа татгалзсан нь бидний хувьд томоохон доромжлол болсон. Хэрвээ тэр Украин руугаа буцмаар байгаа бол эхлээд хорих ялаа бүрэн эдэлж дуусгах хэрэгтэй. Үүний дараа тэр дуртай зүгтээ явж болно” гэж Гарибашвили ярьсан байна.

Тэрбээр цааш нь ярихдаа “Тэр яах гэж буцаж ирсэн юм бэ? Бид түүний ирснийг мэдэлгүй зүгээр өнгөрөөнө гэж боддог тийм гэнэн хүн юм болов уу? Саакашвилийн ялыг бүрэн эдлүүлэхээ би хариуцлагатайгаар амлаж байна. Одоогоор тэр зургаан жил шоронд хоригдох ялтай байгаа. Манай гарагийн хэн ч түүнийг суллахыг хүссэн байсан манай засгийн газарт лав зөвшөөрөх ганц ч хүн байхгүй” гэж хэлжээ.

Саакашвилид өршөөл үзүүлэхээс татгалзсан Гүржийн ерөнхийлөгч Саломе Зурабишвилид талархаж байгаагаа ерөнхий сайд ярилцлагынхаа үеэр илэрхийлсэн байна.

 

Эх сурвалж: ТАСС