Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Борис Жонсон гадаад жолооч нарт найдахгүй байхыг ачаа тээврийн салбарынхандаа уриалжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Их Британи улсад ачааны автомашины жолооч хомсдсоноос үүдэлтэй шатахуун, өргөн хэрэглээний барааны хямрал үүсээд байгаа.

Тус улс Европын Холбооноос гарсан нь Европын орнуудаас ирж ажилладаг цагаач жолоочдын урсгалыг хаасан юм. Уг хомсдлыг нөхөх зорилгоор дотооддоо жолооч бэлдэж эхэлсэн ч цар тахлын улмаас сургалт дадлага, шалгалт авч үнэмлэх олгох үйл явц нь тасалджээ.

Ийм шалтгаанаар Британийн шатахуун түгээх станцууд, дэлгүүрүүд хоосорч, иргэд урт дараалалд зогсох болсон юм. Барааны хомсдол зул сарын баяр хүртэл үргэлжлэх нь тодорхой болжээ.

Хомсдлыг арилгахын тулд Британийн эрх баригчид Европын эх газраас ирж ажиллах хүсэлтэй 5,000 жолоочид тусгай виз олгох болсноо саяхан зарласан юм. Эдгээрийн 300 нь шатахуун тээвэрлэх автомашины жолооч нарт зориулсан шуурхай виз байжээ.

Өчигдөр Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон эрх баригч намын Манчестер хотод болсон арга хэмжээнд оролцож, үг хэлэхдээ “бага цалинтай гадаад жолооч нарт биш, өндөр цалинтай, илүү ур чадвартай, дотоодын ажиллах хүчинд найдах цаг болсон” тухай ярьсан байна.

Энэ долоо хоногийн эхээр Жонсон зэвсэгт хүчнийхээ 200 цэргийг ачаа тээврийн хямралыг шийдэхэд зориулж дайчилсны 100 нь том оврын автомашины жолооч нар байжээ.

Хэдийгээр өмнөх байр сууринаасаа ухарч, гадаадаас жолооч авах түр шийдэл гаргасан ч Борис Жонсон “Мэдээж бид шийдвэрээ шаардлагатай бол эргэж харах ёстой. Гэхдээ би ачаа тээврийн салбарынхныг бага цалинтай цагаач ажилчдад тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг хуучин горим руу буцаамааргүй байна. Манай иргэд ачааны автомашины жолооч болохыг хүсдэггүй нь та нар бага цалин хангамжтай гадаад ажиллах хүчинд найр тавьдагтай холбоотой. Эдийн засгаа илүү үр бүтээмжтэй, хүчирхэг болгохын тулд дотоод ажиллах хүчээ өндрөөр үнэлэх, хөгжүүлэх ёстой” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: DPA