Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Киргизстан улс эрчим хүчний хомсдолд оржээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Төв Азийн Киргизстан улс эрчим хүчний ноцтой хомсдолд орж эхэлжээ. Тус улсын хэрэглэдэг нийт эрчим хүчний ихэнх хэсгийг усан цахилгаан станцаар хангадаг. Мөн гуравны нэг орчмыг нь хөрш улсуудаас импортлодог байна.

Гэтэл энэ жил ган гачигтай байснаас усан цахилгаан станцууд нь хангалттай усны нөөцгүй болжээ.

Тухайлбал Киргизийн эрчим хүчний 40 хувийг хангадаг Токтогулийн усан цахилгаан станцын усны нөөц одоо 12.3 тэрбум шоо метр хэмжээтэй байгаа. Өнгөрсөн оны мөн үед усны нөөц нь 15.2 тэрбум шоо метр байжээ.

Есдүгээр сарын 25-нд Киргизстаны засгийн газрын тэргүүн Улукбек Марипов дээрх усан цахилгаан станцын усны нөөцийг нэмэгдүүлэхэд шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллахыг Үндэсний Эрчим Хүчний компанийн удирдлагуудад үүрэг болгосон байна.

Тодруулбал 2022 оны дөрөвдүгээр сар гэхэд Токтогулийн усны нөөцийг 15-16 тэрбум шоо метрт хүргэх даалгавар өгчээ.

Үүнтэй холбоотойгоор Үндэсний Эрчим Хүчний компанийн ерөнхий захирал Талаибек Байгазиев станцыг хэмнэлтийн горимд ажиллуулах, шаардлагагүй эрчим хүчний хэрэглээнүүдийг танах болсноо зарласан байна.

Тухайлбал тэр энэ өвлийг давахын тулд зөвхөн айл өрхүүдийн хэрэглээг үлдээж, гудамжны гэрэлтүүлэг, сурталчилгааны самбаруудыг унтраах арга хэмжээ авах тухай мэдэгджээ.

Байгазиев шийдвэрээ зөвтгөхийн тулд зарим сонирхолтой тайлбар хийснийг Киргизийн хэвлэлүүд мэдээлж байна.

“Ресторанууд хоолоо сурталчлах хэрэггүй. Хэрвээ хүн тухайн ресторанаар нэг удаа үйлчлүүлээд гарсан бол хоолны амт чанар, байрлал зэргийг мэддэг болно. Түүнийг дахин ирүүлэхийн тулд 100 чийдэн асаах шаардлага байхгүй”, “Цэцэрлэгт хүрээлэнгүүд өглөө хүртэл гэрэлтүүлэгтэй байдаг. Хэвийн хүн орой унтахаасаа өмнө 10-11 цагийн үед л цэцэрлэгээр зугаалдаг. Тиймээс өглөө болтол гэрэлтэй байх шаардлагагүй, цэцэрлэг ч гэсэн амрах ёстой” гэх зэргээр Байгазиев ярьжээ.

Киргизстаны нийслэл Бишкек хот гэрэлтүүлэг муутайгаараа алдартай бол бусад жижиг хотууд шөнийн цагаар ихэнхдээ тас харанхуй болдог. Тиймээс Байгазиевын шийдэл эрчим хүч хэмнэхэд тус болохгүй гэж шүүмжлэх хүмүүс байгаа юм.

Саяхан Үндэсний Эрчим Хүчний компанийн хэвлэлийн төлөөлөгч Азамат Курамаев хэвлэлд ярихдаа одоогоор айл өрхүүдийн цахилгааны хэрэглээнд хязгаарлалт тогтоох төлөвлөгөөгүй байгааг мэдэгджээ.

Гэхдээ өвлийн улиралд иргэдийн эрчим хүчний хэрэглээ нэмэгддэг тул хязгаарлах магадлал өндөр гэж олон хүн болгоомжилж байна.

 

Эх сурвалж: Radio Free Europe