Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Цагдаагийн офицер агсан Парис хотод 80-90-ээд оны үед гарсан цуврал аллагын эзэн байсныг илрүүлжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Парис хотод 1980-1990-ээд оны үед гарсан олон аллага, хүчингийн хэргийн үйлдэгч нь цагдаагийн офицер байсныг илрүүлснээ Францын прокурорын газар өчигдөр зарлажээ.

35 орчим жилийн турш илрээгүй байсан хэргүүдийг шалгаж байсан мөрдөгчид саяхнаас эрэл хайгуулаа тэтгэвэртээ гарсан цагдаагийн албан хаагчид руу чиглүүлсэн юм байна. Хэрэг гарах үед Парисын орчимд ажиллаж байсан 750 хүнийг ээлж дараалан байцааж эхэлжээ.

Уг ажлын хүрээнд мөрдөгчид 59 настай Франсуа Верове гэгчтэй есдүгээр сарын 24-ний өдөр холбоо барьж, таван өдрийн дараа мэдүүлэг авахаар цаг тохирсон байна.

Гэтэл тэр цагдаа нартай уулзалгүй гэрээсээ оргож, Францын өмнөд нутагт түрээсийн байранд байрлаж байхдаа амиа хорлосныг энэ долоо хоногт олжээ.

Үлдээсэн бичигтээ тэр гэмт хэргүүдийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн байсан тухай Францын хэвлэлүүд мэдээлсэн байна. Веровегийн цогцосноос авсан сорилоор ДНХ шинжилгээ хийхэд олон жилийн өмнө гарсан хэргүүдийг үйлдсэн хүнийхтэй тохирч байжээ.

Тэрбээр 1986-аас 1994 оны хооронд цагдаагийн дүрэмт хувцас, үнэмлэх, гав зэргийг ашиглан олон тооны охид бүсгүйчүүдийг хүчиндэж, амийг нь бүрэлгэсэн гэж урьдчилсан байдлаар дүгнээд байна.

Хэргийн хохирогчдыг цагдаа нарын хэрэглэдэг арга техникийг ашиглан хүлж, номхотгосон байсан нь гэмт этгээдийг хууль сахиулагчдын дундаас хайхад хүргэсэн гэнэ. Хохирогчдын дотор 11 настай сурагч охин, Германаас Парист ирсэн гэрийн үйлчлэгч зэрэг янз бүрийн насны, төрөл бүрийн ажил мэргэжлийн эмэгтэйчүүд байсан юм.

Хохирогчдын өмгөөлөгч Дидиер Себан “Бид хуулийн байгууллагаас гэмт этгээд хамтрагчтай байсан эсэх, яг хэдэн хүний амийг хохироосон зэргийг тогтоож өгөхийг хүсэж байна. Хохирогчдын ар гэрийнхний олон асуултад тодорхой хариулт шаардлагатай байна” гэж ярьжээ

 

Эх сурвалж: AFP