Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүх хурлаас зугтсан 96 настай дайны гэмт хэрэгтнийг Германы цагдаа нар баривчилжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хоёрдугаар дайны үед Польшийн нутаг дэвсгэр дэх Стутхоф хорих лагерьт ажиллаж байсан 96 настай эмэгтэйг шүүх хурал өчигдөр өглөө Германы Итцехо хотод эхлэх байжээ.

Итцехо нь Дани улсын хилээс 100 орчим километр зайтай оршдог Германы жижиг хот юм.

Яллагдагч Ирмгард Фурхнер 18 настайгаасаа эхлэн хорих лагерийн дарга Паул Вернер Хоппегийн нарийн бичгээр ажиллахдаа цаазын тушаал, заавар, алагдах хоригдлуудын нэрсийн жагсаалт зэргийг бичиж, тараадаг байжээ.

Шүүх түүнийг 11,000 гаруй удаагийн аллагын хэрэгт оролцсон гэж буруутгаж байгаа.

Өчигдөр өглөө шүүх хурал эхлэхэд Фурхнер цагтаа ирээгүй байна. Тэрбээр өглөө эрт асрамжийн газраасаа таксигаар ойролцоох төмөр замын өртөө рүү явсныг мэдсэн цагдаа нар эрэн сурвалжлаад хэдэн цагийн дараа олж баривчилжээ.

Одоо шүүх Фурхнерыг дараагийн шүүх хурал хүртэл хорьж саатуулахад эрүүл мэндийн хувьд боломжтой эсэхийг шалгаж байгаа гэнэ. 

Дараагийн шүүх хурал аравдугаар сарын 19-нд товлогджээ.

Дайны олон гэмт хэрэгтнүүдийг шүүхийн өмнө авчрахад гол үүрэг гүйцэтгэсэн “Нацистуудын ангууч” хочтой Америк-Израйлийн иргэн Эфрайм Зурофф “Зугтах чадалтай байгаа бол ял хүлээх чадалтай байгаа гэсэн үг!” хэмээн твиттер хуудсандаа бичсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Фурхнер шүүх хуралд биечлэн оролцох хүсэлгүй байгаагаа шүүгчид бичсэн захидалдаа өгүүлж байжээ.

“Ичгүүртэй байдалд орж, бусдын инээдэм наргиа болохгүйн тулд би шүүх хуралд оролцмооргүй байна” гэж тэр захидалдаа бичсэн байна. Гэвч шүүх түүнийг хуралд заавал оролцохыг тушаажээ.

Дэлхийн хоёрдугаар дайн өндөрлөөд 76 жил өнгөрсөн ч Германы прокурорууд нас өндөр болсон нацист гэмт хэрэгтнүүдийг нас барахаас нь өмнө амжиж яллахаар шаргуу ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд хэд хэдэн хэргийг хаасан нь холбогдох хүмүүс нас барсан, эрүүл мэндийн хувьд шүүгдэх боломжгүй болсонтой холбоотой байв.

Одоо Германы прокурорууд Фурхнерээс гадна үлдсэн найман гэмт хэрэгтнийг яллахаар ажиллаж байгаа гэнэ.

1939-өөс 1945 оны хооронд Стутхоф хорих лагерьт 65,000 гаруй хүн амиа алдсан юм. Тэдний ихэнх нь жүүд хүмүүс, олзлогдсон цэргүүд байжээ.

 

Эх сурвалж: Reuters