Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

С.Даваасүрэн: Их дэлгүүр болон 7 буудал дахь жижиг дэлгүүрт гарсан адил зөрчлийг ижил мөнгөн дүнгээр торгох хуулийн заалт ААН-д хүнд тусдаг

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Даваасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

- НМХГ-аас төлөвлөгөөт хяналт шалгалт хийгдэж чадаж байна уу? 

- Төлөвлөгөөт хяналт шалгалт энэ жил хойш тавигдсан. Ихэвчлэн КОВИД-19-тэй холбоотой хяналт шалгалтыг хийж байна. Харин олон нийтийг хамарсан баяр ёслол, хичээлийн шинэ жилтэй холбоотой цаг үеийн шалгалтуудыг бол хийж яваа. Мөн иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг барагдуулахаар  ажиллаж байна. 

- Сүүлийн үед НМХГ-аас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ямар хяналт шалгалтыг хийж байгаа вэ?

- Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан НМХГ-аас бэлтгэл ажлын шалгалтыг хийж байна. Их хөл хөдөлгөөн эхлэх гэж буйтай холбоотойгоор хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаж болзошгүй тул зам дагуу болон хүүхдүүд ихээр явдаг газруудад хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудыг хангуулах зургаан ажлын хэсгийг гаргасан.

Түүнчлэн энэ хичээлийн жилд “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжиж буйгаараа онцлог. Хуулиараа 2021-2022 оны хичээлийн жилд үдийн хоолыг тухайн сургууль нь өөрийнхөө гал тогоонд өөрсдийнхөө бүтэц орон тоогоор хийнэ гэсэн. Үүнтэй холбоотойгоор тус арга хэмжээг 2024 он хүртэл үе шаттай шилжүүлэх тогтоол гарсан бөгөөд энэ жил нийслэлийн хэмжээнд буй мянга гаруй сургуулиас 20 сургуулийг Үдийн хоолыг өөрсдийнхөө бололцоонд тулгуурлан хийх асуудал яригдаж байна.

“Үдийн хоол” хөтөлбөр нь өмчийн хэлбэр харгалзахгүй бөгөөд 1-5 дугаар ангийн хүүхдүүд хамрагдана. Холбогдох хяналт шалгалт хоёр үе шаттай. Эхнийх нь одоо үргэлжилж буй бэлтгэл ажлын явц, хоёр дахь нь хичээл сургууль орсны дараа хэрэгжилтийн явцад хийх хяналт байна.

- Сүүлийн үед мэргэжлийн хяналтын газрын байцаагч нартай холбоотой асуудал, шүүмж олон нийтийн дунд ихээр яригдах боллоо. Алдаа нь хаана байгааг та боломжтой бол дэлгэрэнгүй тайлбарлаж хэлэхгүй юу. Тулгамдаж буй асуудал нь юу байна вэ? 

- Тийм ээ болно. Сүүлийн хоёр жилийн хугацаанд мэргэжлийн хяналтын байгууллага утаа болон КОВИД-19-ийн цар тахалтай холбогдуулаад нэг ААН дээр очдог хяналт шалгалтын давтамж маш их ихэссэн. Өөрөөр хэлбэл,

Нэгт, Утааны үеэр гэхэд л уурын зуух ажиллуулдаг ААН-д яндангийнхаа утаа шүүгчийг ажиллуулж байна уу, түүхий нүүрс түлсэн үү, үгүй юу гэдгийг бид өдөр тутам шалгаж байсан болохоор ААН-д дарамттай санагдаж байсан байх. Гэхдээ үүний үр дүнд  өнгөрсөн жил утааны асуудал нэлээдгүй шийдэгдсэн. 

Хоёрт, Коронавирусийн халдварын улмаас ААН-ийн үйл ажиллагааг хязгаарласан. Хязгаарласан газруудын үйл ажиллагааг сэргээсэн. Энэ тохиолдлуудад ААН-ийн дотоод хяналт шалгалтын үүргийг мэргэжлийн хяналтын газар өөр дээрээ авч өдөр бүр очдог. Жишээ нь өнөөдөр үйл ажиллагааг нь зогсоосон ресторан, паб, цайны газар ажиллаж байна уу үгүй юу гэдгийг өдөр бүр шалгаж очдог байсан хэрэг. Энэ нь өөрөө ААН-дээ хүндрэлтэй, дарамттай, айдастай санагдсан байх. Энэ дургүйцлээ манайхан илэрхийлэхдээ мэргэжлийн хяналтынхан их ирлээ, ингэчхээд явлаа гэх шүүмжлэлтэй асуудал руу хөтөлсөн байх.

Нөгөөтэйгүүр мэргэжлийн хяналтын байгууллагын нэр хүндийг унагадаг, ААН-д дарамт болдог нэг зүйл нь хуулийн асуудлууд юм.

 "Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Зөрчлийн тухай хуулиар та энэ ААН дээр хяналт шалгалтаар очиход зөрчил гаргасан байвал заавал торгуулийн арга хэмжээ ав гэдэг​" 

- Жишээлбэл?

- ААН байгууллага аливаа нэг зөрчил дутагдлыг санаатай гаргаад байдаггүй. Жишээ нь тог тасарсан эсхүл хэн нэгэн хүний буруутай үйлдлээс болж бараа бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа дуусах, муудах асуудал үүсэхэд мэргэжлийн хяналтын байгууллага тухайн бүтээгдэхүүнийг хураан авч устгаад, дээрээс нь нэмж торгуулийн арга хэмжээ авдаг. Хуулийн зохицуулалт нь ийм. 

ААН юу хүсдэг вэ гэвэл “Бид энэ гаргасан зөрчлөө дахин гаргахгүй байя, арилгая, мэргэжлийн хяналтын байгууллагаас манайд хугацаатай албан шаардлага хүргүүлчихвэл гаргасан зөрчлөө арилгая” гээд хүсэлтээ тавьдаг.

Гэтэл өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Зөрчлийн тухай хуулиар та энэ ААН дээр хяналт шалгалтаар очиход зөрчил гаргасан байвал заавал торгуулийн арга хэмжээ ав гэдэг. Хэрэв торгуулийн арга хэмжээ авахгүйгээр хуулийн зохицуулалт хийсэн бол байцаагч, төрийн албан хаагч та өөрөө хуулиа зөрчсөн гэх асуудл ярьдаг.

Ийм учраас хувь хүнийхээ үүднээс ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ хэрэгт орохгүйн тулд байцаагч нар өнөөдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд тухайн ААН-д торгуулийн арга хэмжээ авдаг.

- Шууд л торгуулийн арга хэмжээ аваад байвал манай улсад бизнесүүд тогтож үлдэж чадахгүй шүү дээ? 

- Торгууль нь ААН-ийн том жижгээс үл хамааран ер нь их хүнд тусдаг. Тодруулбал, эргэлтийн хөрөнгийн их, багаас хамааран ийм хэмжээний торгууль тавина гэсэн зохицуулалт байхгүй. Их дэлгүүрт гарсан зөрчил, Долоон буудал дахь жижиг дэлгүүрт гарсан адилхан зөрчлийг яг адилхан мөнгөн дүнгээр торгох л заалттай. Магадгүй том ААН-д энэ торгууль тийм ч их мэдрэгдэхгүй. Харин нөгөө жижиг ААН-д үнэхээр хүндрэлтэй тусдаг.

Мэргэжлийн хяналтын байгууллага хуулийн зохицуулалт хийхгүй, зөвхөн гарсан хуулийг биелүүлж, мөрдүүлэх л үүрэгтэй. Энэ нь ААН-д маш их хүндрэлтэй тусдаг юм. 

- Нэгэнт нөхцөл байдлыг та бүхэн хамгийн сайн мэдэрч байгаа учраас дээд шатны байгууллагадаа уламжилж, санал хүсэлтээ өгөх ёстой баймаар?

- Мэргэжлийн хяналтын байгууллагаас ААН-дээ зөрчилд нь таарсан хугацаатай шаардлага тавья. Хэрэв хугацаандаа биелүүлэхгүй бол харин торгуулийн арга хэмжээ авъя. Эхлээд биелүүлэх боломжийг нь гаргаж өгье гээд бид дээш шатны байгууллагадаа уламжилж, энэ хуулийн зохицуулалтуудыг өөрчилж, биднийг ААН байгууллагуудад ээлтэй байдлаар хандах боломж гаргахыг хүссэн. 

Шар хаданд нэг хүнсний дэлгүүр ажиллуулахад 29 хууль дүрэм журмын стандартыг хэрэгжүүлж байж ажиллуулах ёстой болдог. Томоохон худалдааны төвүүдэд энэ стандартыг хэрэгжүүлэх боломжтой ч  жижиг ААН, бизнес эрхлэгчдэд дарамттай шүү дээ. 

Шалгадаг, шалгуулдаг хоёрын хооронд уур бухимдал төрүүлж байгаа гол асуудал нь энэ их хуулийн зохицуулалт. Бид одоо ААН-д шаардлагатай, шаардлагагүй хуулийн зохицуулалтыг нэг бүрчлэн шүүж гаргаж байгаа. Дуусахаар нь бизнес эрхлэгчдэд энэ талаарх мэдээллийг өгнө.

Дээрээс нь сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд гарч буй мэдээллийг харахаар мэргэжлийн хяналтын байгууллагаас байгууллагуудыг дарамтлахын тулд шалгалт хийдэг. Мэргэжлийн хяналтаас шалгалт ирсэн тохиолдолд зайлшгүй шалтаг гаргаж байгаад торгууль тавьдаг гэх асуудлуудыг яригддаг. Хууль ийм байхад бидэнд яах ч арга байдаггүй. Тухайлбал, бид орон сууцанд хориглосон үйл ажиллагаа явуулж байвал албан шаардлага өгөөд л гаргачихмаар байдаг. Гэтэл хуулийн дагуу заавал торгох болж, явсаар байгаад прокурор дээр хэрэг нь очдог асуудал үүсдэг. Иймэрхүү гомдол их ирдэг.

Нарийн зүйлийг нь ойлгохгүйн улмаас иргэд, бизнес эрхлэгчид мэргэжлийн хяналтын байгууллагын тогтоосон хэм хэмжээгээр үйл ажиллагаагаа явуулж байна гэж ярьдаг.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас нийтээр дагаж мөрдөх журмыг гаргадаггүй. Бид сайд нарын тушаал, нийслэл, дүүргийн иргэдийн хурлаас гарсан тогтоол, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг.

- Танай байгууллага одоогийн байдлаар хэчнээн хүний бүтэц бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа вэ, цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор байцаагч нар салбар бүрт дайчлагдан ачаалалтай ажиллаж байгаа байх? 

- Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар 527 албан хаагчтай. Үүнээс барилгын, хүнсний зэрэг 27 чиглэлээр 300 гаруй байцаагч ажилладаг. Эдгээр байцаагч цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор  товчоод дээр мөн гаалийн хяналтын талбай дээр ажиллаж байна. Бусад хүмүүсийг нь КОВИД-ын нөхцөл байдалтай холбоотойгоор бүх чиглэлд халдвар хамгааллын чиглэлээр ажиллуулж байна.

- Мөн мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчдын хариуцлагын асуудлаа хэрхэн шийдвэрлэдэг вэ?

- Авлига хээл хахуультай холбоотой асуудал нь чиг үүргийнхээ дагуу Авлигатай тэмцэх газарт шийдэгддэг. Шийдэгдээд нааш ирвэл бид төрийн албаны тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ. Манайд одоогоор энэ танай энэ албан хаагч ийм авлигын асуудал холбогдлоо, нотлогдлоо гэсэн асуудал байхгүй.

- ААН-ээс ямар гомдол ихээр ирдэг вэ?

- Зан харьцаа, ёс суртахууны хувьд гомдол түлхүү ирдэг. Танай байцаагч орж ирээд уурлаж ундууцлаа, загнаж байгаад явлаа гэх асуудал ярьдаг. Манайх өөрсдөө дотоод хяналт шалгалтын хэлтэстэй, ёс зүйн хороотой тул холбогдох хэлтэс хороогоор авч хэлэлцээд уучлалт гуйлгах, анхааруулга өгч хөдөлмөрийн тухай хуулиар арга хэмжээг авч ажилладаг. Ер нь мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар үндэслэлтэй хандсан тохиолдолд бид чөлөөтэй хүлээж авдаг. Цаашдаа ч авна. Гомдол гаргасан тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагаас өс санаад дампууртал шалгадаг гэсэн айдас, явган ярианд иргэн, ААН итгэх хэрэггүй.