Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Apple компани АНУ-ын хэрэглэгчдийн iPhone утаснуудаас садар самуун агуулгатай дүрсийг шүүхээр болжээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Apple компани АНУ-ын iPhone хэрэглэгчдийн гар утаснаас хүүхдийн садар самуунтай холбоотой зураг, бичлэгүүдийг хайх системийг нэвтрүүлэхээр төлөвлөснөө өчигдөр зарлажээ.

Тус компаниас гаргадаг мессэжийн аппликэйшний архиваас “neuralMatch” хиймэл оюуны системийн тусламжтайгаар хууль бус агуулгыг шүүх юм байна.

Ингэхдээ хувь хүмүүсийн хоорондоо харилцсан текст мессэж болон бусад энгийн агуулгыг задалж уншихгүй байхаар төлөвлөжээ.

Хэрвээ сэжигтэй дүрс илэрвэл тусгай мэргэжлийн хүмүүс шалгаад шаардлагатай бол хуулийн байгууллагад мэдэгдэх гэнэ. Хүүхдийн эрхийг хамгаалагчид Apple компанийн энэхүү төлөвлөгөөг дэмжиж байгаагаа илэрхийлцгээж байна.

Тухайлбал Хулгайлагдсан, Хэлмэгдсэн Хүүхдүүдийг Хамгаалах Үндэсний Төвийн захирал Жон Клэрк “Apple-ийн хүүхдийг хамгаалах шинэ технологи нь тоглоомын дүрмийг өөрчлөх хэмжээний чухал алхам юм” гэж онцолжээ.

Хүүхэд хамгаалах үйлсэд технологийн боломжийг ашиглах чиглэлээр ажилладаг Thorn төрийн бус байгууллагын тэргүүн Жулиа Кордуа Apple-ийн нэвтрүүлэх шинэ технологийг “хүүхдийн аюулгүй байдал, хүний хувийн мэдээллийн аюулгүй байдлыг тэнцвэртэй хангана” гэж найдаж байгаагаа мэдэгдсэн байна.

Тус байгууллагыг жүжигчин Дэми Мур, Эштон Качер нар байгуулсан юм.

Гэвч зарим судлаачид энэ боломжийг засгийн газар өөр зорилгоор ашиглан иргэдийн хувийн мэдээллийг тагнахаас болгоомжилж байгаагаа илэрхийлцгээжээ.

Apple компани iCloud үйлчилгээнд хадгалагдаж буй зураг, бичлэгүүдээс хууль бус агуулгыг шүүх ажиллагаа явуулдаг. Харин хувь хүмүүсийн дунд дамждаг кодлогдсон мессэжэнд анх удаа ийм шүүлтүүр тавих гэж байгаа юм.

 

Эх сурвалж: AFP