Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Азийн олон улсын 29 дэх удаагийн үзэсгэлэнд шалгарсан монгол уран бүтээлчдийн бүтээлүүдийг дэлгэнэ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 8 сарын 5
iKon.MN

Япон улсын Фукуока муж, Кюүшюгийн урлагийн галерейд наймдугаар сарын 6-наас аравдугаар сар хүртэл зохион байгуулж буй Азийн олон улсын 29 дэх удаагийн үзэсгэлэнд Монгол Улсаас оролцохоор шалгарсан 10 уран бүтээлчийн 20 гаруй уран бүтээлийн үзэсгэлэнг Монгол Арт галерейд дэлгэн үзүүлэхээр  боллоо.

Энэ жилийн үзэсгэлэнг Азийн уран бүтээлчдийн холбооны гишүүн  Японы улсын зөвлөл хороо зохион байгуулж байгаа билээ.

 

Үзэсгэлэнд Монгол Улсаас Төрийн шагналт Ардын зураач До.Болд, МУЭ-ийн шагналт зураач А.Чадраабал, МУЭ-ийн гишүүд  Х.Эрдэнэ-Очир, Х.Ганбат, уран сийлбэрч Т.Баттогтох, зураач Б.Энхтуяа, Л.Хонгорзул, Ц.Оюун-Эрдэнэ, Н.Мөнхтуул, Б.Цолмонбаяр нар оролцож байна.

Энэхүү олон улсын үзэсгэлэн нь Азийн орчин үеийн урлаг, соёл үнэт зүйлийг дүрслэх урлагаар дамжуулан сурталчлан таниулах, уран бүтээлчдийн харилцаа холбоо, соёлын солилцоог сайжруулан идэвхжүүлэх зорилготой.

Дэлхий нийтийг хамарсан Covid-19 цар тахал,  Япон улсын хилийн хаалт хязгаарлалтаас шалтгаалан Монгол Улсын уран бүтээлчид явж чадаагүй ч ийнхүү "Монгол Арт" галерейгаар дамжуулан олон нийтэд хүргэхээр болжээ.

Үзэсгэлэн нээлт өнөөдөр буюу наймдугаар сарын 5-нд 16:00 цагт болох бөгөөд Азийн уран бүтээлчдийн холбоо, БНХАУ, Хонг Конг, Тайвань, Макао, БНСУ, Малайз, Монгол, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам зэрэг орны зөвлөл хороод хамтран зохион байгуулж байна.

 

Эх сурвалж: Монгол Арт Галерей