Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

ЭМГЭНЭЛ: Ванчинжавын ДАНХАР (1931-2021)

ikon.mn
2021 оны 7 сарын 10
iKon.MN
 

Хөдөлмөрийн баатар, ахмад тээвэрчин Ванчинжавын ДАНХАР 2021 оны 07-р сарын 09-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж үр хүүхэд, төрөл төрөгсөд бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Бидний хайрт аав Данхар 1931 онд Ховд аймгийн Буянт сумын нутаг, Цагаан оломд малчин ард Ванчинжавын гурав дахь хүү болон мэндэлсэн. Бага насандаа эхээс өнчирч эцгийн сургаалиар хүмүүжин эрийн цээнд хүрсэн. 1951 онд Улаанбаатар хотын Авто сургуульд суралцан жолооч гэсэн эрхэм мэргэжлийг эзэмшин Авто тээврийн 1-р баазаас ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлж, эх орныхоо бүтээн байгуулалт, Монгол улсын авто тээврийн хөгжилд түүчээлэн тэргүүлэх үүргийг гүйцэтгэж, үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад тээвэрчин билээ.

Ажиллах хугацаандаа 2,3,4,5-р таван жилийн төлөвлөгөөг давуулан биелүүлж, хүн тээвэр, ачаа тээвэр, шатахуун тээвэр гэсэн гурван төрлөөр Улсын аварга болсноос Шатахуун тээврийн улсын 4 удаагийн аварга болж, 20 жилийн ажлыг 5 жилд багтаан хийж байсан юм. Аав маань зам тээврийн салбарт 40 гаруй жил ажиллахдаа хөдөлмөрийг хөнгөвчлөх, үргүй зардлыг хэмнэх үүднээс хос чиргүүл, замын дэржигнүүр сааруулах хэрэгсэл, шатахуун хэмнэх төхөөрөмж, хөрзөн хуулагч, өвс ачигч зэргийг санаачлан зохион бүтээж амьдралд нэвтрүүлж байсан шинийг санаачлагч байлаа.

Тэрээр Тэргүүний ажилтан залуу, Онц тээвэрчин, дөрвөн удаа Таван жилийн гавшгайч цол тэмдэг хүртэж, түүхт ойн медалиудааар шагнагдаж байсны зэрэгцээ төр засгаас түүний хөдөлмөрийг өндрөөр үнэлж 1956, 1978 онд Алтангадас одон, 1964 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 1971 онд Хөдөлмөрийн баатар цол хүртээж Сүхбаатарын одон, Алтан соёмбо медалиар шагнасан юм.

Цуцашгүй хөдөлмөрч хайрт аавын маань гэгээн дурсгал бидний зүрх сэтгэлд үүрд орших болно.

 

Ум сайн амгалан болтугай.

Ванчинжавын Данхарын үр хүүхэд, ач зээ нар, төрөл төрөгсөд