Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Энх-Амгалан: Улсын төсвийн орлогын ₮13 тутмын нэг нь Оюутолгойн төлбөр, хураамжаас орж ирдэг гэх тооцоо гарсан

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

"Цар тахлын үед Оюутолгой ХХК Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлсэн нөлөө" сэдвийн хүрээнд МУИС-ийн багш нар өнөөдөр танилцуулга хийлээ.

МУИС-ийн Санхүүгийн тэнхимийн багш, доктор Б.Энх-Амгалан “Монгол Улсад хийгдэж байгаа шууд хөрөнгө оруулалт 2011-2020 оны хооронд дунджаар 73.4 орчим хувь байгаа нь зөвхөн уул уурхайн салбарт ногдож байна.

Цар тахал нийт гадаадын шууд хөрөнгө оруулалтад уул уурхайн салбарын эзлэх хувийн жингийн хэлбэлзэлд нөлөөлж, 2020 оны нэгдүгээр улиралд 78.4 хувь байсан бол 2020 оны гуравдугаар улиралд 62.1 хувь болж буурсан.

Энэ нь Оюутолгойн хөрөнгө оруулалт саатсан, 2016 оны хоёрдугаар улирлаас хойш бүтцэд гарсан хамгийн том өөрчлөлт болж байгаа юм.

Оюутолгой компанийн урт хугацаанд төлсөн төлбөр хураамжийн хэмжээ нэг хувиар нэмэгдэхэд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн дунджаар 0.52 хувиар нэмэгдэж байна.
 

Оюутолгойн Монгол Улсад төлсөн нийт төлбөрийн өөрчлөлтийг улирлаар авч үзвэл манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өөрчлөлт өндөр хэлбэлзэлтэй бол Оюутолгойн төлсөн төлбөрийн хэлбэлзэл нь харьцангуй бага байна.

Коронавируст халдварын нөхцөл байдлын улмаас хөл хорьж, хил хаасантай холбоотойгоор дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2020 оны нэгдүгээр улиралд өмнөх улиралтай харьцуулахад хамгийн өндөр бууралттай байв.

Оюутолгойн хувьд улсад төлсөн төлбөр хураамжийн өөрчлөлт 2019 онд харьцангуй өсөлт, бууралтын хэлбэлзэл багатай байсан ч 2020 оны хоёрдугаар улиралд хамгийн өндөр хувиар буюу 18.2 хувиар буурсан бол гуравдугаар улиралд хамгийн өндөр өсөлтийн хувьд хүрсэн буюу 34.6 хувьд болжээ.

 

Монгол Улсын төсөвт Оюутолгойн төлдөг төлбөр хураамж нэлээд өндөр дүнтэй байдаг.

Тодруулбал, сүүлийн дөрвөн жилийн дунджаар авч үзэхэд Монгол Улсын төсвийн орлогын 13 төгрөг тутмын нэг нь Оюутолгой төслийн төлбөр хураамжаас орж ирдэг гэх тооцоо гарсан.

Өөрөөр хэлбэл, Урт хугацаанд Оюутолгойн төлсөн төлбөр хураамжийн хэмжээ нэг хувиар нэмэгдэхэд Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого дунджаар 0.81 хувиар нэмэгдэж байна гэх тооцоо гарлаа.

Түүнээс гадна урт хугацаанаас илүү богино хугацаанд хамаарал ажиглагдаж байгаа бөгөөд Оюутолгойн экспорт нэг нэгж хувиар өөрчлөгдөхөд Монгол Улсын экспорт дунджаар 0.47 нэгж хувиар өөрчлөгдөж байна” хэмээн ярив.

 

 "Оюутолгойн улсад төлж буй төлбөр хураамж Монголын эдийн засгийн хэлбэлзлийг тогтворжуулах нөлөө үзүүлж байна"

Үргэлжлүүлэн “Монгол улсын ажил эрхлэлтийн тоо мэдээнээс харахад 2019 оны эхний улирлаас огцом буурч эхэлсэн бол цар тахлын нөлөөгөөр 2020 оны гуравдугаар улиралд бүр мөсөн буурсан үзүүлэлттэй байна.

Харин 2019 онд Оюутолгойн ажиллагсдын тоо нэмэгдсэн бөгөөд цар тахлын нөлөөнөөс үл хамааран 2020 онд тогтвортой байжээ.

Дэлхий нийтийн хамарсан цар тахлын нөлөөгөөр гадаадын шууд хөрөнгө оруулалт болон дотоодын нийт бүтээгдэхүүн, уул уурхайн салбарын өсөлтөд сөргөөр нөлөөлсөн.

Гэхдээ Оюутолгойн улсад төлсөн төлбөр, татвар хураамж жил бүр нэмэгдэж байгаа. Хэдийгээр 2020 оны хоёрдугаар улиралд өмнөх улирлуудтай харьцуулахад буурсан боловч дөрөвдүгээр улиралд төлсөн дүн нь түүхэн дээд амжилтыг тогтоожээ.

Түүнчлэн манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн төсвийн орлого болон Оюутолгойн улсад төлсөн татвар хураамжийн хооронд урт хугацааны тогтвортой хамаарал бий.

Цар тахлын нөлөөгөөр төсвийн орлого 2019 оны дөрөвдүгээр улирлаас 2020 оны хоёрдугаар улирлуудад буурсан Оюутолгойн Монгол Улсад төлсөн төлбөр хураамжийн бууралттай адил динамиктай байгаа юм.

Төсвийн орлого томоохон уул уурхайн компаниудын экспортын хэмжээтэй нягт холбоотой. Ялангуяа манай улсын эдийн засаг ихээхэн савлагаатай байдаг.

Харин Оюутолгойн оруулж буй хөрөнгө оруулалт болон улсад төлж буй төлбөр хураамж Монголын эдийн засгийн хэлбэлзлийг тогтворжуулах нөлөө үзүүлж байна гэж дүгнэлээ” хэмээн хэллээ.

ВИДЕО: /Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзээрэй/

https://www.facebook.com/111844733823338/videos/4656908107671305