Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Иргэдэд заалаар үйлчлэх уриалга гаргасан аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно"

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар буюу бүх төрлийн ресторан, кофе шопыг заалаар үйлчлэхийг хязгаарласан хугацааг дахин 10 хоногоор сунгах шийдвэрийг өчигдөр Улсын Онцгой комиссоос гаргасан. Мөн фитнес, саун, бассейны үйл ажиллагааг маргаашаас зогсоохоор болоод байна.

Уг шийдвэрийг эсэргүүцэж буй нэр бүхий ресторан, кофе шопууд өнөөдрөөс эхлэн заалаар үйлчилж эхлэхээ мэдэгдсэн билээ. Гэвч мэргэжлийн хяналтын байгууллагаас уриалга гаргасан аж ахуйн нэгжид хариуцлага тооцохоор болжээ.

Энэ талаар МХЕГ-аас тодруулахад "Мэргэжлийн хяналтын байгууллага нь эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулдаг. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн үйлчилгээний байгууллагуудад зөвлөгөө, зөвлөмж өгсөөр ирсэн. Гэвч нэг талаар зарим хариуцлагагүй аж ахуйн нэгжийн буруугаас, нөгөө талд иргэдийн ухамсаргүйгээс үйлдлээс шалтгаалан халдвар тархах эрсдэлт нөхцөл байдал үүсэж байсан учир тавдугаар сарын сүүлээс эхлэн торгууль, шийтгэл ногдуулж байна. Өнөөдрийн тохиолдлын тухайд уриалга гаргасан аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн 15.2.1 болон 15.2.2 заалтаар хариуцлага тооцно" гэв. 

Нэр бүхий аж ахуйн нэгжээс гаргасан мэдэгдэлд "...төр засгийн хариуцлагагүй үйлдлийн хариуцлагыг бид үүрмээргүй байна. Үр дүнгүй хорио, хязгаарлалтууд бидний аж амьдрал, эдийн засгийг сэргээхгүй гэж үзэж байна. Тиймээс өнөөдрөөс үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж заалаар үйлчилж эхэлнэ гэдгээ УОК-т үүгээр мэдэгдэж байна.

Халдвар хамгааллын дэглэмээ чандлан мөрдөж ажиллах болно. Үйлчлүүлэгчдийнхээ ухамсарт ч бүрэн итгэж байна. Хамтдаа, ухамсартайгаар халдвар хамгааллын дэглэмээ барьж, COVID-19-тэй тэмцэж, эдийн засгаа сэргээцгээе" хэмээжээ. 

Хуулийн заалт:

Зөрчлийн тухай хууль

15.2.1. тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан;
15.2.2. хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл санаатайгаар худал мэдээлэл өгсөн, эсхүл төөрөгдүүлсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.