Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улсын гэр бүлүүдэд гурван хүүхэдтэй байхыг зөвшөөрөх шийдвэр гарлаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Хятад улсын гэр бүлүүдэд гурван хүүхэдтэй байхыг зөвшөөрөх шийдвэр өнөөдөр гарчээ. Тус улсын төрийн тэргүүн Ши Жиньпиний даргалсан Хятадын Коммунист Намын улс төрийн товчооны хурлаас ийм шийдвэр гарсан байна.

Энэхүү шийдвэр нь хүн амын хөгшрилтийг бууруулж, насны бүтцийг сайжруулах зорилготой цогц арга хэмжээний нэг хэсэг ажээ.

Гэр бүлүүдийн хүүхдийн тоог нэмэгдүүлэхээс гадна тэтгэврийн насыг хойшлуулах, залуу үеийнхэнд гэр бүл, хамтын амьдралын үнэ цэнийг багаас нь ойлгуулах ажлыг боловсролын системд тусгах, хүүхэд асрах үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх, амаржсан эхчүүдэд урт хугацааны чөлөө олгох, төрөлтийн даатгалын систем нэвтрүүлэх зэрэг ажлуудыг төлөвлөжээ.

Хүн амын хэт өсөлтийг хязгаарлах зорилготой “өрх бүрт нэг хүүхэд” бодлогыг 1979 онд Хятад улс нэвтрүүлж байсан юм. Энэ бодлогыг 2016 онд халж, хоёр хүүхэдтэй байхыг зөвшөөрсөн ч хүүхдийн төрөлт төсөөлж байснаас бага нэмэгдсэн тул өнөөдөр гурав болгон нэмэгдүүлж байна.

Тухайлбал 2020 онд Хятад даяар 12 сая хүүхэд мэндэлсэн нь 2016 оны 18 саяас нэлээд хэмжээгээр буурсан үзүүлэлт юм.

Хэрвээ цаашид хүүхдийн төрөлт буурч, өндөр настнуудын хүн амд эзлэх хувь нэмэгдсээр байвал ажиллах хүчний хомсдолд оруулж, Хятад улсын эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөхөөр байгааг мэргэжилтнүүд анхааруулж байгаа.

Хятад улсын төрөх насны нэг эмэгтэйд дунджаар 1.3 хүүхэд оногдож байна. Хүн амын тоог тогтвортой хадгалахын тулд энэ хэмжээ 2.1 байх ёстой юм.

2020 оны эцсийн байдлаар Хятад улсын хүн амын тоо 1.412 тэрбум хүрсэн байна.

 

Эх сурвалж: BBC, South China Morning Post