Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Дархлаажуулалтын болон PCR шинжилгээний цэгийг нүүлгэх боломжгүй бол сурагчдыг ойролцоох өөр сургуульд давтлагад хамруулна

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад тавдугаар сарын 17-ноос эхлэн нэг сарын хугацаанд танхимын давтлага өгөхөөр болсон. 

Энэ хугацаанд баримтлах дэглэмийн талаар БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир мэдээлэл өглөө. Тэрбээр "Сурагчдад тэгш боломж олгох зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдөд танхимын давтлага өгөхөөр шийдвэрлэсэн. Ингэхдээ сурагчдыг зөвхөн ЭЕШ өгөх хичээлийнх нь давтлагад хамруулна. Танхимын давтлагын хугацаанд

  • Давтлагыг эцэг, эхийн хүсэлтийг харгалзан сайн дурын үндсэн дээр зохион байгуулна
  • Өдөрт гурваас илүүгүй цагаар давтлага өгнө
  • Нэг ангид 10-аас ихгүй хүүхэд байна
  • Нэг ширээнд нэг хүүхэд сууна
  • Орох, гарах хөдөлгөөнийг нэг урсгалд зохион байгуулна
  • Танхимд суух хүн бүр амны хаалт зүүж, биеийн халууныг тогтмол шалгуулах зэрэг дэглэмийг баримтална. 

Түүнчлэн нийслэлийн 18 сургуульд дархлаажуулалтын цэг, гурван сургуульд PCR шинжилгээний цэг ажиллаж байна. Эдгээр цэгийг нүүлгэн шилжүүлэх боломжгүй нөхцөл үүсвэл тухайн сургуулийн сурагчдыг ойролцоох өөр сургуульд нь шилжүүлэн давтлагад хамруулна.

Жишээлбэл, 50 дугаар сургууль PCR шинжилгээний цэгээр ашиглагдаж байгаа бол 200 метрийн зайд 5 дугаар сургууль, 500 метрийн зайд 24 дүгээр сургууль бий тул сул чөлөөтэй ангиудыг 50 дугаар сургуулийн багш, сурагчид ашиглах боломжийг гаргах юм" гэв.