Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

AstraZeneca вакциныг яаж хэрэглэхээ улс бүр үзэмжээрээ шийдэхийг Европын эрүүл мэндийн байгууллага зөвлөв

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг

 Коронавирусийн эсрэг AstraZeneca вакцин тариулсан цөөн хүнд тархины цусны бүлэгнэл үүсч байгааг шалгасан Европын эрүүл мэндийн зохицуулах байгууллага EMA (European Medicine Agency) дүгнэлтээ гаргажээ.

Тус байгууллагын дүгнэлтээр цусны бүлэгнэл үүсгэх эрсдэл нь маш бага хэмжээтэй тул AstraZeneca вакциныг дархлаажуулалтад хэрхэн ашиглахаа улс бүр өөр өөрийн нөхцөл байдалд тохируулан шийдэхийг зөвлөсөн байна.

Өөрөөр хэлбэл Европын Холбооны бүх гишүүн улсуудад зориулж, нэгдсэн зөвлөмж гаргахаас татгалзжээ.

Европын хэд хэдэн орон AstraZeneca вакциныг хүн амын дархлаажуулалтад ашиглахдаа тодорхой хязгаарлалт тавиад байгаа. Хамгийн сүүлд Британи, Итали улсууд өчигдөр ямар хэмжээнд хязгаарлах шийдвэрээ зарлажээ.

Тухайлбал Британи улсад 30 хүртэл насныханд AstraZeneca биш, бусад төрлийн вакцин хэрэглэхийг зөвлөсөн бол Италид зөвхөн 60-аас дээш насныханд уг вакциныг тарихыг зөвлөсөн байна.

EMA байгууллагын гүйцэтгэх захирал Эмер Күк вакцины хариу урвалын улмаас нас барах эрсдэл нь Covid-19 өвчнөөр нас барах эрсдлээс олон дахин бага гэдгийг өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр сануулсан юм.

“Вакцины ач холбогдол болон эрсдлийг харьцуулан үнэлж үзээд өөр өөрийн цар тахлын нөхцөл байдал, вакцины олдоц зэрэгтээ тааруулан шийдвэр гаргахыг бид гишүүн улс орнууддаа зөвлөж байна. Ингэхдээ бидний хувьд вакцинаар цар тахлыг дарах нь маш чухал гэдгийг санах хэрэгтэй” гэж тэр хэлжээ.

Дөрөвдүгээр сарын 4-ний байдлаар EMA тархины цусны бүлэгнэлийн (CVST) нийт 169 тохиолдол бүртгэж авсан байна. Гэхдээ энэ нь Европын Холбооны гишүүн орнууд даяар тарьсан 34 сая тун вакцины дараа илэрсэн тохиолдлууд гэнэ. Тархины цусны бүлэгнэлийн ховор тохиолдол голдуу 60-аас доош насны эмэгтэйчүүдэд AstraZeneca вакциныг тариулснаас нь хойш хоёр долоо хоногийн дотор илэрч байжээ.

 

Эх сурвалж: Reuters