Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Тайваний “Тайжун хотын Да Дун дүрслэх урлагийн үзэсгэлэн-2021” арга хэмжээ зарлагдлаа

ikon.mn
2021 оны 4 сарын 2
iKon.MN

Тайваний Тайжун хотын захиргаанаас жил бүр зохиогддог Тайваний олон улсын урлаг соёлын арга хэмжээнүүдийн нэг болох “Тайжун хотын Да Дун дүрслэх урлагийн үзэсгэлэн” нь 2021 оны 4-р сарын 1-ний өдрөөс 15-ны өдрийг хүртэл уран бүтээлчдийн оролцох хүсэлт буюу өргөдлийг хүлээн авах болно. Сүүлийн жилүүдэд Монгол орны уран бүтээлчид уг үзэсгэлэнд идэвх, санаачилгатай оролцох болсон төдийгүй уг үзэсгэлэнд оролцож, өндөр амжилт үзүүлж эхэлсэн.

Энэ удаагийн дүрслэх урлагийн тэмцээний гранпри шагнал нь “Да Дуны дүрслэх урлагийн шагнал” бөгөөд нийт 5 уран бүтээлчийг шалгаруулах ба шалгарсан уран бүтээлч тус бүр 240 мянган шинэ тайвань доллар буюу 8,355 орчим ам.долларын шагнал урамшуулал хүртэх юм.

Тайжун хотын захиргаа уг үзэсгэлэнг анх 1996 оноос эхлэн зохион байгуулах болсон ба эдүгээ хэдийн олон улсын урлаг, соёлын салбарынханд танигдсан томоохон арга хэмжээ болж чаджээ. 2020 онд цар тахал дэгдсэний улмаас уг үзэсгэлэнгийн эхний шатанд цахим буюу онлайн хэлбэрээр өргөдөл гаргахыг зөвшөөрөх болсон. Уг үзэсгэлэн, тэмцээн нь 11 төрөлд уран бүтээл хүлээж авах ба эхний шатнаа бүтээл шалгарсан тохиолдолд зохион байгуулагч байгууллагаас уран бүтээлчид хандан албан ёсоор мэдэгдэл хүргүүлэн мэдэгдсэний дараа уран бүтээлч нь өөрийн бүтээлийг эхээр нь илгээж, тэмцээний дараагийн шатанд оролцоно.

Цар тахал дэгдсэний улмаас 2020 онд нийт 26 орноос нийт 105 бүтээлийг уг тэмцээнд ирүүлсэн бөгөөд Тайвань уран бүтээлчид нийт 1328 бүтээлээр оролцжээ. Монгол орноос өнгөрсөн онд нийт 16 бүтээл уг үзэсгэлэн, тэмцээнд оролцсон ба гуаш, даавуун бүтээлийн төрөлд 1 бүтээл үзэсгэлэнгийн хоёрдугаар шатанд тунаж үлдсэн. 2019 онд уран зургийн усан будгийн төрөлд 1 уран бүтээлч 2-р байр эзэлж, Монгол уран бүтээлчийн уран бүтээл анх удаа Тайваньд зохиогддог олон улсын хэмжээний уралдаанд шагналт байранд шалгарсан.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө хэлсэн үгэндээ “Да Дун  дүрслэх урлагийн үзэсгэлэн бол Тайваний төрийн байгууллагаас зохион байгуулдаг дүрслэх урлагийн чиглэлийн цогц, нэгдсэн томоохон арга хэмжээ бөгөөд Тайваньдаа хамгийн өргөн цар хүрээг хамардаг, хамгийн өндөр шагналын сан бүхий тэмцээнд тооцогддог. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа уран бүтээлчид амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөхийн сацуу Тайваньд зохиогдох энэхүү үзэсгэлэнд Монгол орны уран бүтээлчид өөрийн уран бүтээлээр өргөнөөр оролцохыг урьж байна. Да Дуны дүрслэх урлагийн үзэсгэлэнгээр дамжуулан Монгол орны уран бүтээлчид дэлхийн бусад орны мэргэжил нэгтнүүдтэй харилцаа холбоо тогтоох, найрсагаар харилцах, тэргүүний шилдэг бүтээлүүдээ таниулах, олон улсын тавцанд өөрийн дүр төрхийг бүрдүүлэх хамгийн шилдэг тайз болж чадна гэдэгт итгэлтэй байна. 

Холбогдох цахим хуудасны холбоосууд:

Да Дун дүрслэх урлагийн үзэсгэлэнгийн цахим өргөдөл бөглөх холбоос:

/Мэдээлэл дутуу оруулсан, зурган файл хавсаргаж оруулаагүй тохиолдолд оролцох өргөдөл хүлээн авахгүй./

https://www.dadunfae.taichung.gov.tw/

Үзэсгэлэнгийн удирдамж, өргөдлийн маягт татан авах холбоос:

https://www.dadunfae.taichung.gov.tw/


 

 

2019 онд “Тайжун хотын Да Дун дүрслэх урлагийн үзэсгэлэн”-нд Монгол Улсын зураач Ж.Мөнхжаргалын “Сар дэлхийг зүүдэлж хоносон шөнө” бүтээл уран зургийн усан будгийн төрлөөр 2-р байранд шалгарав.(The Night, When the Moon Dreamt of the Earth)

 

2020 онд “Тайжун хотын Да Дун дүрслэх урлагийн үзэсгэлэн”-нд Монгол улсын зураач Н.Мөнхбатын “Цэнхэр дурдан алчуур” бүтээл гуаш, даавуун бүтээлийн төрөлд 2-р шатанд шалгарав. (Blue Silk Tissue)

 

Эх сурвалж: Тайваний төлөөлөгчийн газар