Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Мьянмараас гурван иргэн энэ сарын 15-нд Токио-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирнэ"

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Мьянмарт цэргийн эргэлт гарсантай холбоотойгоор тус улсад амьдарч буй Монголын зургаан иргэнийг нөхцөл байдлаас шалтгаалж өөр улс руу шилжүүлэх болсон талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг өмнө нь хэлж байсан билээ. 

Тус иргэд өөр улс руу шилжсэн эсэхийг албаны эх сурвалжаас тодруулахад "Мьянмарт Монгол Улсын 14 иргэн байгаа. Нутаг буцах хүсэлт гаргасан иргэдээс гурав нь энэ сарын 15-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирнэ. Эдгээр гурван иргэн нь нэг гэр бүл бөгөөд яаралтай ирэх шаардлагатай болсон" хэмээн хэллээ. 

Мьянмарт тогтоод байгаа цэргийн дэглэм тус улсын ардчилсан хөдөлгөөний удирдагч Аун Сан Сү Чиг авлигын хэрэгт буруутгаж байгаагаа өчигдөр зарлаад буй. 

Түүнчлэн цэргийн дэглэм тогтсон сар гаруй хугацааны турш Мьянмарын хотуудад иргэдийн эсэргүүцлийн жагсаал тэмцэл үргэлжилж байна. Зөвхөн өчигдөр цэрэг, цагдаагийнхны гарт долоон хүн алагдсанаар нийт амиа алдсан тэмцэгчийн тоо 70-д хүрчээ.

Энгийн иргэдийн эсрэг галт зэвсэг хэрэглэж буй явдлыг НҮБ болон АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд шүүмжилж, Мьянмарын цэргийн дэглэмийн эсрэг янз бүрийн хориг арга хэмжээ авсан зэрэг нөхцөл байдал үүссэн тул улс орнууд иргэдээ татан авч байгаа юм.