Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Мьянмарын цэргийн дэглэм Аун Сан Сү Чиг $600,000-ын авлига авсанд буруутгажээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Мьянмарт тогтоод байгаа цэргийн дэглэм тус улсын ардчилсан хөдөлгөөний удирдагч Аун Сан Сү Чиг авлигын хэрэгт буруутгаж байгаагаа өчигдөр зарлажээ.

Тодруулбал түүнийг $600,000-тай тэнцэх бэлэн мөнгө болон 11 кг алтыг Янгон хотын захирагчаас авсан гэж буруутгасан байна.

Мьянмарын авлигатай тэмцэх газар уг хэргийг шалгаж байгааг цэргийн дэглэмийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Хоёрдугаар сарын 1-ний үүрээр Мьянмарын цэргийнхэн төрийн эрхийг булааж, ерөнхийлөгч Вин Мьин, төрийн зөвлөх Аун Сан Сү Чи тэргүүтэй эрх баригч намын удирдагчдыг баривчилсан юм. Аун Сан Сү Чигээс бусад хүмүүсийг ч мөн авлигын хэрэгтэй холбогдуулан шалгаж байгааг өчигдөр мэдээлжээ.

Өмнө нь Аун Сан Сү Чиг радио холбооны станц зөвшөөрөлгүй ашигласан хэрэгт буруутгаж байсан юм.

Цэргийн дэглэм тогтсон сар гаруй хугацааны турш Мьянмарын хотуудад иргэдийн эсэргүүцлийн жагсаал тэмцэл үргэлжилж байна. Зөвхөн өчигдөр цэрэг, цагдаагийнхны гарт долоон хүн алагдсанаар нийт амиа алдсан тэмцэгчийн тоо 70-д хүрчээ.

Энгийн иргэдийн эсрэг галт зэвсэг хэрэглэж буй явдлыг НҮБ болон АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд шүүмжилж, Мьянмарын цэргийн дэглэмийн эсрэг янз бүрийн хориг арга хэмжээ аваад байна.

АНУ-ын засаг захиргаа Мьянмарын цэргийн эрхтнүүдийг хар жагсаалтад оруулж, өөрийн банкны дансанд байсан Мьянмарын засгийн газрын $1 тэрбумыг царцаасан юм.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон парламентын сонгуулийг шударга бус явагдсан гэсэн шалтгаанаар цэргийн эргэлт хийгээд байгаа. Уг сонгуульд Аун Сан Сү Чигийн тэргүүлдэг Ардчиллын Төлөө Үндэсний Лиг нам үнэмлэхүй ялалт байгуулж байжээ.

 

Эх сурвалж: BBC