Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд олон нийтээс санал авна

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын хаврын чуулганаар Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан хуулийн төслийн дэд ажлын хэсгийнхэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт өдөр бүр хуралдаж байгаа юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ, ЭМЯ, ХХААХҮЯ, ДЭМБ, АШУҮИС болон холбогдох бусад байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид багтсан бөгөөд хуулинд шинээр оруулах, нэмэлтээр тусгах саналуудыг зүйл, заалт тус бүрээр нэгтгэн боловсруулж, олон нийтээс https://lawforum.parliament.mn/draft/46/  холбоосоор нээлттэй санал авна.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах зорилгоор эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэх хэрэгслийг эрсдлээр ангилан бүртгэх шинэ зохицуулалтыг оруулж, эм, уламжлалт эм, малын эмийг сонгох, бүртгэх зарчим, шалгуур болон эм үйлдвэрлэгч, импортлогчийн эмийн чанар, аюулгүй байдалд хүлээх хариуцлагыг нэмэгдүүлж, эмийн хяналтад нэгдсэн цахим программ хангамж нэвтрүүлэхээр тусгаад байна.

Түүнчлэн эмийн хангамж, хүртээмж, иргэдийн эм худалдан авах боломжийг нэмэгдүүлэхээр үнийн ил тод байдлыг хангах, гадаад дотоодын жишиг үнийг нэвтрүүлэх, түгээлтийн шат бүрт үнийг зохицуулах, иргэд шуудан илгээмжээр эмийг хүлээн авах эрх зүйн орчныг шинэчлэх зэрэг заалтуудыг хэлэлцэж байгаа юм.

 

Эх сурвалж: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар