Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

П.Болдбаатар: Станц зогсох аваарын нөхцөл үүссэн учраас голын далан давуулан үнс зайлуулсан усаа асгахад хүрсэн

Т.Саран, iKon.mn
2021 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"ДЦС-III" ТӨХК үнс зайлуулсан усаа Туул голын далан давуулан асгаж байсныг таслан зогсоож, арга хэмжээ авсан талаар өчигдөр мэдээлсэн билээ. 

Уг асуудалд ямар хариуцлага тооцох талаар болон яагаад ийм нөхцөл байдал үүсэн тухайд холбогдох албаныхнаас тодрууллаа. 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Жавхлан "Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас уг асуудалд зөрчлийн хэрэг нээх саналаа прокурорт хүргүүлсэн.

Технологийн асуудал нь байгальд шууд нийлүүлж болохгүй байсан. Туул голын сав газрын захиргаанаас дүгнэлт авч, гэрээ байгуулан хийгдэх ажил юм. Прокурор хяналт тавиад ажиллана" гэлээ. 

Далангуудын түвшинг тохируулан ажиллаж байна

Харин ДЦС-III" ТӨХК-ийн цехийн дарга П.Болдбаатар "Ашиглагдаж байгаа үнсэн сан дүүрсэн. Далан сэтрэх эрсдэл үүссэн учраас аваарын юүлүүрээр хаяхаас өөр аргагүйд хүрсэн. Станц зогсох аваарын нөхцөл үүссэн учраас ийм байдал үүслээ. Одоогоор бид схемдээ өөрчлөлт оруулж байна.

Үндсэн даланг яаралтай ашиглалтад оруулахаар мөн ажиллаж байгаа. Үнсэн сангийн ажлын хувьд шугам хоолойгоо холбох ажил дутуу байна" гэсэн тайлбарыг өгч байна. 

Үнсэн сан ашиглалтад хэзээ орох талаар ДЦС-III" ТӨХК-ийн инженерээс тодруулахад "Үнсэн сангийн ажил хийгдэж байгаа. Үнсэн сангийн ажил 2020  оны гуравдугаар сарын 1-нээс эхэлсэн. 325 хоногийн хугацаатай ажил. Шахуу төлөвлөгөөтэй хийж шахсан. Гэвч коронавирусээс болоод тогтоосон хориг болон зургаа, долдугаар сард бороо орсноос болоод саад учирсан. Аравдугаар сард уг ажил дууссан.

Үнсэн болон тунгаасан далан гэж бий. Үнсэн далан руу үнстэй усаа хийгээд тунгаасан усны далан руу ордог. Тунгаасан усаа дахиж ашигладаг юм. Тэгэхгүй бол усны нөөцийн асуудал тулгарна.

Шинэ үнсэн сангийн хоолойг тунгаасан усны далантай холбох ажил 2021 оны дөрөвдүгээр сараас эхэлнэ. Далангуудын түвшинг тохируулан ажиллаж байна. Ерөнхийдөө өвлийн ачааллын саруудад асуудал үүсдэг. Ирэх жилээс ийм эрсдэл гаргахгүй" гэдгийг хэллээ. 

Хор хохирлын хэмжээнээс шалтгаалж хариуцлага хүлээлгэнэ

Туул голд үнс зайлуулсан ус асгасан асуудалд ямар хариуцлага тооцох талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад "Байгаль экологийн хор хохирлыг эхлээд шалгана. Үнэлгээ өгч, мөрдөн шалгах ажиллагаа явуулна. Үүний дараа хор хохирлын хэмжээнээс шалтгаалж ямар хариуцлага хүлээлгэх нь тогтоогдоно" гэв. 

Цахилгаан станцуудын үнсэнд хяналт тавьж, цацраг идэвхт бодис заасан хэмжээнээс их агуулж байвал ашиглуулахгүй байх дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас гаргадаг талаар өмнө нь мэдээлж байсан. Тухайн станц ямар нүүрс хэрэглэж байгаагаас шалтгаалаад үнсэн дэх цацрагийн хэмжээ өөр өөр гардаг байна. 

2020 онд 2, 3, 4 дүгээр цахилгаан станц болон нам даралтын зуух ашиглаж байгаа 6 компанийн үнсэнд хяналт, шинжилгээ хийжээ. 

Тухайлбал, Адуунчулуун, Шивээ-Овоогийн нүүрс хэрэглэж байгаа 2, 3 дугаар цахилгаан станцын хувьд үнсэнд нь цацрагийн хэмжээ их байгааг тогтоож байжээ. Эдгээр станц дотоод хяналтаараа цацрагийн хэмжилтээ хийгээд үнсээ гаргахгүй байх шийдвэр гарч байв.