Индэр    
2020 оны 11 сарын 6
Зураг
iKon.mn сэтгүүлч

Цахилгаан станцын хаягдал үнсийг бетон үйлдвэрлэлд ашиглах нь эрүүл мэндэд эрсдэл үүсгэх үү?

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цементийг үнстэй хольж савлан, худалдаалж байсан хэргийг Цагдаагийн байгууллагаас илрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Нийт 70 орчим тонн цемент хураан авсан хэдий ч савласан цементийн тоо нь цааш нэмэгдэж ч магадгүй гэдгийг албаныхан хэлж байв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Мягмарсайхан, Ж.Даваацэцэг, С.Оюунзул болон тэдний хамсаатнууд 10 уут цементэд үнс хольж, 19 болгоод зардаг байсан талаар "Өнөөдөр" сонинд ярьжээ. Тэгэхээр цементийн барьцалдуулах чадвар төдий чинээ буурч, түүнийг нь ашиглан хийсэн бетон хийц чанарын шаардлага хангахааргүй болсон нь тодорхой юм.

Үнсийг барилгын материалд ашигладаг жишиг байдаг хэдий ч үнснээс цацраг идэвхт бодис тодорхой хэмжээнд ялгарч байдаг тул эрүүл мэндэд хортой талаар ярьдаг. 

Тиймээс үнснээс ялгарах цацраг идэвхт бодис ямар хэмжээнд хүрэхэд эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаарх мэргэжлийн хүмүүсийн тайлбарыг авч, цахилгаан станцын үнс ба үнсний хольцтой барилгын материал/бетон/-д ямар хяналт тавигддаг талаар холбогдох албаныхнаас тодруулсан юм.

Н.Норов: Нүүрсэн дэх уран бараг 7 ДАХИН баяжигдаад үнсэнд үлддэг
 
Гэрэл зургийг mpa.mn

Манай улс цахилгаан, дулааны эрчим хүчний 95 орчим хувийг нүүрсээр үйлдвэрлэж байгаа. Ингэхдээ Адуунчулуун, Багануур, Шивээ-Овоогийн хүрэн нүүрсийг шатаадаг. Тэгвэл энэ гурван уурхайн дэргэд буюу 50-100 км-т ураны орд байдаг тул уулын чулуулагт байгаа уран усаар угаагдан нүүрсэнд шингэдэг болохыг МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төвийн салбарын эрхлэгч, профессор Н.Норов хэлсэн юм.

Тэрбээр "Уран шингэсэн нүүрсийг цахилгаан станцад цельсийн 1,600-1,700 хэмд шатаадаг. Багануурын нүүрсээр жишээ авч тайлбарлавал, тус уурхайн нүүрсний 15 хувь нь үнс болж үлддэг бөгөөд 100 тонн нүүрс шатаахад 15 тонн үнс гарна гэсэн үг. Тэгэхээр нүүрсэн дэх уран бараг 7 дахин баяжигдаад үнсэнд үлдчихдэг.  

Нүүрсэнд байсан уран бараг 7 дахин баяжигдаад үнсэнд үлддэг

Цахилгаан станцад өндөр температурт шатсан нүүрсний үнс бол биологийн болон химийн бохирдлууд нь үгүй болсон маш цэвэр бүтээгдэхүүн юм. Энэ үнсийг барилгын материалд ашиглах боломжтой. Гэхдээ үнсэнд агуулагдаж буй цацрагийг нь маш сайн хянаж, тогтмол хэмжиж байх шаардлагатай.

Цахилгаан станцуудын үнсэн сан бараг дүүрч байгаа. Тиймээс үнсэн дэх ураныг хүхрийн хүчлээр уусгаж авах боломж байгаа эсэхийг судалсан юм. Нүүрсэнд агуулагдах уран өндөр температурт халахад гадуураа шилэн давхаргатай болчихдог. Иймд уран олборлодог ердийн аргаар уусгах боломжгүй болдог буюу сүүлийн үеийн шүүлт өндөртэй, үнэтэй технологи шаардлагатай тул эдийн засгийн хувьд ашиггүй.

Тиймээс жилээс жилд нэмэгдэн, эзлэх талбай нь улам тэлсээр байгаа үнсийг барилгын материал/бетон/ үйлдвэрлэлд хэрэглэх, ингэхдээ цацраг идэвхийн хэмжээг тогтмол тодорхойлж байх шаардлага тулгарч байна.

Манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандартаар барилгын материалд агуулагдах ураны хэмжээг нарийн тогтоож өгсөн байдаг бөгөөд энгийнээр тайлбарлавал 1 тонн барилгын материал/бетон/-д 50 гр уран байхад эрүүл мэндэд аюулгүй гэж үздэг.

Үүнээс хэтэрсэн тохиолдолд тухайн барилгын материал/бетон/-ыг ашиглах боломжгүй. Ер нь цацрагийн хяналтаа тавиад явахад асуудал үүсэхгүй" хэмээн Н.Норов  тайлбарлалаа.

Цацраг гэж юу вэ?

Бид өдөр тутам байгалийн цацрагийн гурван үндсэн эх үүсвэрт өртөн, шарлага авч байдаг. Тодруулбал,

  • Сансрын цацраг: Наран дээр явагдаж буй халуун цөмийн урвалаас ирэх цацрагийн нөлөө наранд ойртох тусам ихэснэ.
  • Агаарт байгаа радон буюу цацраг идэвхт бодис: Радон хий амьсгалаар хүний биед орж, дотоод шарлага үүсгэдэг.
  • Хөрс болон эд зүйлсээс бидний биед шарлага үүсэж байдаг.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас орчны цацрагийн түвшинг тогтмол хянаж байдаг бөгөөд цаг уур, орчны шинжилгээний газрын Улаанбаатар хот, 21 аймгийн цаг уурын станцын материаллаг баазад түшиглэн гадаад орчны цацрагийн хяналтыг тогтмол хийдэг байна. Ингэхдээ Олон улсын атомын энергийн агентлагаас гаргасан журмыг баримтлан дотоодын дүрэм, журмаа боловсруулан хэрэгжүүлдэг аж.

Цацрагийн үүсгүүртэй харьцаж ажилладаг хүмүүсийн сард авч болох шарлагын дундаж хэмжээ 20 милли Зиверт/жил байдаг бол хүн амын авч болох зөвшөөрөгдөх хэмжээ 1 миллиЗиверт/жил байдаг.
Цахилгаан станцын үнс болон үнсний орцтой бетон үйлдвэрлэлд цацрагийн хяналтыг тогтмол тавьдаг
 

Цахилгаан станцын үнс болон барилгын материал дахь цацрагийн хэмжээнд мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьдаг. Тус байгууллагаас хамгийн сүүлд буюу 2020 оны аравдугаар сард 17 аймгийн 34 байгууллагын 67 үнсний дээжид цацрагийн шинжилгээ хийжээ.

 

Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газрын улсын ахлах байцаагч И.Ариунсайхан "Мэргэжлийн хяналтын байгууллагаас цахилгаан станцын үнсийг барилгын материалын үйлдвэрлэлд нэмэлтээр ашиглаж байгаа тохиолдолд хяналт тавьж байгаа. Манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандартад үйлдвэрлэгч бүтээгдэхүүнийхээ цементийн орцын 20 хүртэлх хувьд үнс ашиглаж болно гэж заасан байдаг. Үйлдвэрээс гарч буй бүтээгдэхүүн/бетон/-д 2015-2019 онд тогтмол хяналт, шинжилгээ хийж байсан бөгөөд эцсийн бүтээгдэхүүнээс стандартад зааснаас их цацраг идэвхт бодис гарч байгаагүй учраас энэ жил хэмжилт хийгээгүй.

Барилгын материал үйлдвэрлэгч бүтээгдэхүүнийхээ цементийн орцын 20 хүртэлх  хувьд үнс ашиглаж болно

Харин цахилгаан станцуудын үнсэнд хяналт тавьж, цацраг идэвхт бодис заасан хэмжээнээс их агуулж байвал ашиглуулахгүй байх дүгнэлт гаргаж байгаа. 2020 онд 2, 3, 4 дүгээр цахилгаан станц болон нам даралтын зуух ашиглаж байгаа 6 компанийн үнсэнд хяналт, шинжилгээ хийсэн. Тухайн станц ямар нүүрс хэрэглэж байгаагаас шалтгаалаад үнсэн дэх цацрагийн хэмжээ өөр өөр гардаг. Тухайлбал, Адуунчулуун, Шивээ-Овоогийн нүүрс хэрэглэж байгаа 2, 3 дугаар цахилгаан станцын хувьд үнсэнд нь цацрагийн хэмжээ их байгаа учраас энэ жил барилгын материал үйлдвэрлэгчдэд үнс өгөөгүй. Эдгээр станц дотоод хяналтаараа цацрагийн хэмжилтээ хийгээд үнсээ гаргахгүй байх шийдвэр гаргасан.

Харин "Амгалан" ДЦС энэ жил “Мон цемент” гэх ганцхан компанид үнсээ өгөөд дуусгасан байна. ДЦС-4 барилгын материал үйлдвэрлэгч 33 байгууллагад үнс өгч байгаа.

Станцууд улирал тутам үнсэндээ цацрагийн хэмжилт хийдэг бол мэргэжлийн хяналтын байгууллага жилд нэг удаа хяналт, шинжилгээ хийдэг" гэдгийг хэлсэн юм.

Манай улсад үнсэн дэх цацраг идэвхийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг заасан стандарт норм байхгүй хэдий ч мэргэжлийн хяналтын байгууллагаас 1,000 Бк/кг буюу түүнээс дээш хэмжээгээр илэрсэн тохиолдолд бетон үйлдвэрлэлд ашиглахгүй байх зөвлөмж гаргадаг байна.

Аравдугаар сарын байдлаар улсын хэмжээнд үнсний 67 дээжийг цацрагийн шинжилгээнд хамруулж үзэхэд “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, Завхан аймгийн Ундарга ХХК-ийн үнсэн сангийн гурван дээжид радийн эквивалентийн нийлбэр идэвх 1,000-3,857 Бк/кг буюу харьцангуй өндөр хэмжээтэй гарсан ч эдгээр хоёр байгууллага нь хаягдал үнсээ барилгын материал үйлдвэрлэгчдэд нийлүүлдэггүй байна. Гэсэн ч МХЕГ-аас эдгээр байгууллагын хаягдал үнсийг барилгын материал үйлдвэрлэдэг байгууллага, аж ахуйн нэгжүүдэд ашиглуулахгүй байх, хаягдал үнсэн сангийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, орохыг хориглох тэмдэг тэмдэглэгээ байрлуулах зэрэг шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгожээ.

Цацрагийн аюулгүйн нормд заасны дагуу барилгын материал нь,

  • Орон сууцны болон нийгэм ахуйн барилга байгууламжид ашиглагдах материалын цацрагийн/радийн эквивалентийн нийлбэр идэвхийн/ хэмжээ 370Бк/кг-аас ихгүй,
  • Бүх төрлийн үйлдвэр буюу зам барилгад ашиглагдах материалын цацрагийн /радийн эквивалентийн нийлбэр идэвхийн/ хэмжээ 370-740 Бк/кг-аас ихгүй байхаар тусгагдсан байдгийг мэргэжлийн хяналтын байгууллага мөрдүүлж ажилладаг гэдгийг И.Ариунсайхан байцаагч хэлсэн юм.
Үнстэй хольсон цемент хэрэглэж буйг мэдэх боломж бий юу?
Гэрэл зургийн эх сурвалж: ЦЕГ

"Цахилгаан станцын үнсийг барилгын материалд ашиглах стандарт 2014 онд батлагдсан бөгөөд бетоны найрлагад орох цементийн 20 хувийг нарийн ширхэгт үнсээр орлуулахыг зөвшөөрдөг" гэдгийг ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Ж.Тэмүүжин "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа хэлсэн байв.

Барилгын компаниуд цутгалтад ашиглаж буй бетоноо бетон үйлдвэрлэгч компаниудаас авдаг бөгөөд марк, стандартад нь хяналт тавих боломжтой аж. Мөн суурь, хана цутгасны дараа тухайн хэсгээс өрөмдөж аваад ямар хэмжээний даац авч байгаа буюу бат бөх чанарыг нь лабораторид хэмжиж болно.

Харин жижиг хэмжээний өрлөг, шаврын ажилд ашиглаж буй цементийг үнстэй хольсон эсэхийг хэрэглэх явцдаа мэдэх боломжгүй. Хатсаны дараа өрлөг бэхжээгүй байх, шавар хуурч унах гэх мэтээр цементийн орц хангалтгүй байгаа нь мэдэгдэнэ гэдгийг барилгын инженер Б.Түвшинтулга хэллээ.



Дэлхий дахинаа жилд дунджаар 600 сая тонн хаягдал үнс гарч байгаагийн 70 орчим хувийг барилгын материал үйлдвэрлэлд ашигладаг. Гэхдээ үнс дангаараа барилгын материал биш, барилгын материал/бетон/-д орж байгаа түүхий эд гэдгийг академич Ж.Тэмүүжин тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл, бетоны орцонд цемент, ус, элс, хайрга/0-5 мм, 5-10 мм, 10-20 мм хэмжээтэй/ орох бөгөөд цементийн орцын 20 хүртэлх хувьд үнс хийж болно гэсэн үг.

Мөн профессор Н.Норов цахилгаан станцуудын үнсэн сан дүүрч байгаа одоогийн нөхцөлд хяналтаа тавиад ашиглах нь зөв гэдгийг хэлсэн юм.

Гэхдээ цахилгаан станцаас гарч буй үнсэнд маш сайн хяналт тавихгүй бол цементтэй хольж худалдаалах нь хэрэглэж буй хүн цацрагийн шарлага ихээр авах болон барилгын бат бөх чанарт сөргөөр нөлөөлөх хүчин зүйл болох нь.

Тиймээс цемент худалдан авахдаа баталгаатай газраас, үйлдвэрлэгчийн сертификат, лабораторийн шинжилгээг нь үзэж байх шаардлагатайг мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөж буй.