Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амбасэлмаа: Шинж тэмдэг илрэхэд нь дур мэдэн гэрээрээ эмчилгээ хийгээд, хүндэрсэн хойноо ХӨСҮТ-д очсон тохиолдол хэд хэд гарсан

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 2 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариулав.

БГД-ийн ЗДТГ-т ажилладаг иргэн болон "Оюу толгой" компанийн ажилтан халдвар авсан гэх мэдээлэл гараад байна. Энэ үнэн үү?

БГД-т ажилладаг иргэн халдвар авсан гэдэг нь ташаа мэдээлэл. Би халдвар авсан хүмүүсийн ажил, гэр гээд тандалтын мэдээлэл дээр ажилладаг. Тиймээс энэ нь ташаа мэдээлэл гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

- Халдвар аваад эдгэрч, эмнэлгээс гарсан хүн дахин өвчилсөн тохиолдол байгаа юу?

Өнөөдрийн байдлаар эдгэрээд гарсан хүмүүсээс дахин халдвар авсан, өвчилсөн тохиолдол бүртгэгдээгүй. Халдвар авсан хүмүүсийн 70 гаруй хувийг эмчилж, гаргаад байгаа. Бид ДЭМБ-ын удирдамжийн дагуу дэлхийн жишиг, стандартаар эмчилгээ хийгээд явж байна.

-"Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд илэрсэн тохиолдлуудад ямар нэг шинж тэмдэг, зовуурь байсан уу?

- Энэ халдварт өвчин учраас шинээр илэрч байгаа тохиолдлууд заавал халдвартай хүнтэй ямар нэг байдлаар хавьтал болсон байдаг.

"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ээр илэрч байгаа хүмүүс дундаас 7-8 хүнд тодорхой хэмжээнд эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн байна.

Өрх бүрээс авч байгаа шинжилгээгээр тохиолдол гарч ирээд байгаагийн шалтгаан нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, өмнө нь батлагдсан тохиолдлууд хавьтлаа хэлэхгүй эсвэл санахгүй байх асуудалтай холбоотой.

-Өдөр бүр 30-50 тохиолдол шинээр илэрч байна. Тэгвэл цаашид эмнэлгийн ор хүрэлцэх үү. Гэрээр эмчлэх боломж байгаа юу?

-Бид коронавирусийн халдвараар өвчилсөн хүмүүст стандартын дагуу дархлаа дэмжих эмчилгээ болон вирусийн эсрэг зэрэг эмчилгээ хийж байгаа. Гэхдээ ямар эмийг эмчилгээнд хэрэглэж байгааг тэр бүр хэлэхгүй. Учир нь хүн бүрийн биеийн онцлог өөр.

Зарим иргэн шинж тэмдэг илрээд байхад дураараа ханиадны эм уугаад өвчнөө хүндрүүлэх асуудал ч бий. Гэрээрээ дур мэдэн эмчилгээ хийж байгаад хүндрээд ХӨСҮТ-д очсон тохиолдол хэд хэд гарсан.

Яг одоо биеийн байдал нь хүнд, маш хүнд байгаа хүмүүс гэртээ дур мэдэн янз бүрийн эм уусан байна. Тиймээс эмчилгээнд ямар эм хэрэглэж байгааг зөвлөж болдоггүй талтай.

Цар тахал тодорхой үе шаттай тархдаг. Энэ өвчин нийслэлийн хэмжээнд тархаж, эмнэлгүүд дүүрээд ирвэл бид хавьтлууд болон хөнгөн өвчтөнүүдийг гэрт нь тусгаарлаж, эргэлт хийх шатанд очно.

Одоогоор Монгол Улсад энэ өвчин тийм хэмжээнд тархаагүй. Бид кластер гарсан өвчлөлийг шат шатандаа хариу арга хэмжээгээ хэрэгжүүлж явж байгаа.

ВИДЕО: (Бичлэг харагдахгүй ЭНДЭЭС харах боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/520223068957700

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.