Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

Кремль: Путин өөрийгөө түүхэнд яаж бичигдэх талаар бодох завгүй ажиллаж байна

Т.Давааням, ikon.mn
2021 оны 2 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт Москвагийн шүүх Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйд 3.5 жилийн хорих ял оноосон билээ.

Түүнийг 2014 онд авсан тэнсэн харгалзах ялынхаа нөхцлийг зөрчсөн гэж буруутгасан юм. Навальный наймдугаар сард химийн бодист хордсоныхоо дараа Германд эмчлүүлээд өнгөрсөн сард эх орондоо буцаж ирж байв. Шүүх хурлын үеэр Навальный тус улсын ерөнхийлөгч Владимир Путинийг өөрийг нь хордуулсан гэж мэдэгдсэн байна.

“Тэр өөрийгөө том геополитикч гэж боддог ч үнэндээ хүний дотуур хувцсанд хор шингээдэг алуурчин юм. Оросын түүхэнд тэр Чөлөөлөгч Александр, Цэцэн Ярослав нарын хамт дотуур хувцсанд хор шингээдэг Путин гэж бичигдэнэ” гэж Навальный шүүгчдэд хандаж хэлсэн юм.

Өчигдөр сэтгүүлчид Навальныйн хэлсэн үгний талаар Кремлийн хэвлэлийн албанаас тодруулжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков шүүх хурлын үеэр хэн юу хэлсэн талаар ямар ч мэдээлэлгүй байгаагаа энэ үеэр хэлсэн байна.

Тэрбээр Путин түүхэнд ямар нэрээр үлдэхийг Навальный биш, Оросын ард түмэн шийднэ гэжээ.

“Ерөнхийлөгч өдөр бүр маш их ажилтай байдаг. Ямар олон асуудал, ямар олон шийдвэр хүлээж байдгийг та нар мэдэж байгаа. Тиймээс ерөнхийлөгчид хэн нэг ялтны хэлсэн үгийг сонсох, өөрийгөө түүхэнд ямар нэрээр үлдэх талаар бодох зав байдаггүй” гэж Песков хэлжээ.

 

Эх сурвалж: ТАСС