Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

Тесла компани чанаргүй автомашин үйлдвэрлэдэг болохыг Илон Маск хүлээн зөвшөөрчээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 2 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Илон Маск, Сэнди Манро нар

АНУ-ын цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгч Теслагийн бүтээгдэхүүнтэй холбоотой чанарын асуудал байнга яригддаг.

2018 онд зөвлөх инженер Сэнди Манро тус компанийн Model 3 загварыг эд анги бүрээр нь задалж, чанарын үнэлгээ хийж байжээ. Тэрбээр уг загварыг “90-ээд оны Kia шиг”, “Тэд яаж ийм бүтээгдэхүүн гаргаж чаддаг байнаа” гэх зэргээр маш хатуу шүүмжилсэн юм.

Model 3 загварын гадаад бүтэц нь яв цав биш, хэсгүүд нь хоорондоо зөрдөг, будаг нь жигд биш гэх зэрэг чанарын дутагдлыг Манро илрүүлж байжээ.

Мягмар гарагт Манрогийн YouTube сувгийн ярилцлагад Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маск оролцохдоо бүтээгдэхүүнд нь чанарын асуудал байдгийг хүлээн зөвшөөрсөн нь ховор тохиолдол байлаа.

Маск уг нь бусдын шүүмжлэлийг хүлээж авдаггүйгээрээ алдартай хүн юм. Ярилцлагын үеэр тэр шинэ загварын автомашины үйлдвэрээс гарсан эхний хэсэгт чанарын асуудал байдгийг хүлээн зөвшөөрч, үйлдвэрлэл жигдрэх үед нь худалдаж авбал илүү найдвартай гэж ярьжээ.

“Надаас найзууд маань Теслаг хэзээ худалдаж авбал зүгээр вэ гэж асуудаг. Үйлдвэрлэлийн эхний шатанд уу, эсвэл жигдрэх үед нь үү гэж. Үнэндээ үйлдвэрлэл дөнгөж эхэлж байх үед бүх зүйлийг чанартай сайн хийх маш хэцүү байдаг” гэж Маск ярьсан байна.

Түүний хэлсэн энэ үг Теслагаас гарах шинэ загваруудын борлуулалтад муугаар нөлөөлөх эрсдэлтэй юм. Тус компани энэ оны сүүлээр Cybertruck пикап загвараа үйлдвэрлэж эхлэнэ. Мөн Техасын Остин, Германы Берлин хотын ойролцоо шинэ үйлдвэрүүд нээхээр ажиллаж байгаа.

Үнэхээр үйлдвэрлэлийн эхний шатанд гарсан Теслагийн автомашины чанар муу байдгийг Манро саяхан бас баталж байжээ.

Тэрбээр өнгөрсөн онд худалдаж авсан 2021 оны Model 3 загварыг сарын дараа өөр хүний худалдаж авсан ижил загвартай харьцуулаад чанарын нэлээд ялгаа гарсныг мэдээлж байв.

Ярилцлагынхаа үеэр Илон Маск үйлдвэрлэлийн явцад гарсан алдааг түргэн хугацаанд илрүүлж, засах чиглэлд Тесла компани идэвхтэй ажиллаж байгааг хэлжээ.

Теслагийн чанарыг ганцхан Сэнди Манро шүүмжилдэггүй. Америкийн Consumer Report судалгааны тайланд өнөөдөр зах зээлд худалдаалагдаж байгаа Теслагийн дөрвөн автомашинаас ганцхан Model 3-т “Recommended” хэмээх үнэлгээг өгсөн байдаг юм.

 

Эх сурвалж: CNN