Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путиний найз бизнесмэн Хар тэнгисийн эрэгт орших ордны эзнээр тодров

Т.Давааням, ikon.mn
2021 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный саяхан Хар тэнгисийн эрэгт орших нэгэн томоохон орд харшийн тухай мэдээлж, үүнийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний авлигалд авсан үл хөдлөх хөрөнгө гэж зарласан юм.

Хамгийн багадаа $1.35 тэрбумын үнэтэй гэгдэж байгаа уг хөрөнгийн талаар түүний тараасан видео материалыг өнөөдрийн байдлаар 100 гаруй сая хүн үзээд байна.

ОХУ-ын ерөнхийлөгч өөрөө Хар тэнгисийн эрэгт ямар ч үл хөдлөх хөрөнгөгүйгээ энэ долоо хоногт мэдэгдсэн юм.

Тэгвэл Оросын бизнесмэн Аркадий Ротенберг энэхүү орд харшийн жинхэнэ эзэн болохоо өчигдөр мэдэгджээ. 

Тэрбээр Телеграм сүлжээний Mash сувагт видео ярилцлага өгөхдөө “Одоо энэ нэгэнт нууц биш болсон. Би эзэн нь байна. Уг хөрөнгө нь маш том байгууламж. Их хэмжээний мөнгө зээлсний эцэст би өөрийн болгож чадсан юм” гэжээ.

Тэрбээр худалдаж авахдаа санхүүгийн ямар эх үүсвэр ашигласан талаар дэлгэрэнгүй яриагүй байна.

Ротенберг нь Оросын баян олигархуудын нэг бөгөөд дэд бүтцийн барилга угсралтын томоохон компанийн гол хувь эзэмшигч юм. Тэрбээр ерөнхийлөгч Владимир Путиний багын найз, хамт жүдо бөхөөр хичээллэж байсан хүн ажээ.

2014 онд Крымийг нэгтгэсний дараа Оросын албаны хүмүүс, бизнесмэнүүд АНУ-ын засгийн газрын хар жагсаалтад орсны нэг нь Ротенберг юм.

Алексей Навальный хордлогоо эмчлүүлсний дараа Германаас эх орондоо буцаж ирээд баривчлагдсан. Түүнийг тэнсэн харгалзах ялынхаа нөхцлийг зөрчсөн гэж буруутгаад 30 хоног саатуулсан юм. Хэрвээ шүүх буруутайг нь тогтоовол Навальныйд нэмж ял оноох ажээ.

Өнгөрсөн Бямба гарагт Навальныйг суллахыг шаардсан иргэдийн эсэргүүцлийн жагсаал Оросын олон хотод зохион байгуулагдсан юм. Тэд өнөөдөр буюу Ням гарагт хоёр дахь эсэргүүцлийн жагсаалаа зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Эх сурвалж: Reuters