Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Дайны үеэр Нацистуудаас гэр бүлийг нь хамгаалсан Францын тосгонд 2 сая евро өвлүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Австрийн нэг иргэн саяхан нас барахдаа дэлхийн хоёрдугаар дайны үеэр Нацистуудаас зугтаж явсан гэр бүлийнхнийг нь нууж байсан Францын нэг тосгонд хоёр сая евро өвлүүлжээ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-нд уг гэрээслэлийг бичсэн Эрик Швам 90 насандаа таалал төгссөн юм байна.

Түүний гэр бүл 1943 онд Францын зүүн өмнөд бүсийн Ле Шамбон-сюр-Линьон тосгонд дүрвэж ирээд тосгоны сургуулийн байранд дайн дуустал толгой хоргодож байжээ. Дайны дараа тэд 1950 он хүртэл уг тосгонд амьдарсан юм байна.

“Энэ бол манай тосгоны хувьд маш их мөнгө” гэж тосгоны дарга Жан Мишель Эйро ярьжээ.

Эрик Швам дайны дараа эм зүйн мэргэжлээр суралцаж, энэ нутгийн бүсгүйтэй гэрлэж байсан аж.

Тэрбээр өвлүүлсэн мөнгийг нь залуу үеийнхний боловсролд зориулахыг гэрээслэлдээ хүссэн тухай Эйро мэдэгдсэн байна.

Уулан дунд оршдог Ле Шамбон-сюр-Линьон тосгон нь дайны үеэр 2,500 орчим жүүд хүнийг нацистуудын мөрдлөгөөс нуун хамгаалж байсан гэдэг. Уг тосгоны иргэдийг Израйль дахь Яд Вашемын Холокостын дурсгалын төв өөрийн анд нөхөд хэмээн өргөмжилсөн байдаг гэнэ.

Протестант шашинтнууд голлон амьдардаг Ле Шамбон-сюр-Линьон тосгон түүхийнхээ туршид улс төр, шашны мөрдлөг хавчлагаас зугтсан хүмүүсийг орогнуулан хамгаалж иржээ.

Тухайлбал Францын хувьсгалын үеэр, Испанийн иргэний дайны үеэр энд олон хүн ирж толгой хоргодож байсан бол сүүлийн үед Ойрх Дорнод, Африкийн дүрвэгчид ирэх болсон байна.

 

Эх сурвалж: AFP