Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Ховдын автобусанд архаг хууч өвчтэй, хавдартай олон хүн байгаа учир бүх зорчигчдыг Улаанбаатар руу татан авч байна"

Г.Номин, iKon.mn
2021 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар-Ховд чиглэлийн автобусыг Дарви суман дахь хяналтын постод очиход тандалтын зорилгоор түргэвчилсэн тестээр оношлоход хоёр хүний шинжилгээ эерэг гарсан талаар мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө.

Тэрбээр “Ховд  аймаг PCR шинжилгээний лабораторитой. Тэндээ давтан шинжилгээг хийж, хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Дахиад хоёр хүнд эмнэл зүйн шинж тэмдэг илэрч байгаа боловч коронавирус илрээгүй. Халдварын батлагдсан тохиолдлууд аймаг руугаа ороогүй. Тэдгээр иргэдийг тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар руу тээвэрлэн авчирч байна.

Батлагдсан хоёр тохиолдол нь явах үед буюу энэ сарын 23-ны өдөр шинжилгээ өгсөн. Гэхдээ шинжилгээ өгчихөөд гадуур их явсан, олон хүнтэй уулзсан байна. Тиймээс тандалт судалгаа үргэжилж байгаа.

Нэг удаа шинжилгээ өгчихөөд би эрүүл гээд яваад байж болохгүйг энэ удаагийн жишээ харууллаа.

Батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон хүмүүсийг судалж үзэхэд, Улаанбаатараас Ховд хүртэл 20 гаруй цагийн турш хоорондоо ярилцаж, хооллож явсан учраас халдвар тархсан байх эрсдэл маш өндөр. Зорчигчдын дунд архаг хууч өвчтэй, хавдартай хүн олон байгаа. Коронавирусийн халдвараар өвчилвөл хүндрэх эрсдэл байгаа учраас, мөн орон нутагт халдвар тархах эрсдэлтэй учраас тусгай үүргийн онгоцоор татан авч байна.

Огт халдвар гараагүй цэвэр газраа голомт үүсгэх эрсдэлээс сэргийлж Улаанбаатар руу татан авч байгаа юм.

Өмнө нь 5, 6 аймагт гарсан голомтыг хумьж чадсан. Ингэхдээ Сэлэнгээс бусад аймагт бүртгэгдсэн халдваруудыг Улаанбаатарт авчран эмчилсэн. Ингэснээс тухайн орон нутагт халдвар тархах эрсдэлээс сэргийлж чадсан" гэдгийг хэллээ.

ВИДЕО ҮЗЭХ: /2021.01.27/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/1052805401796522
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.