Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Өргөө" амаржих газраас энэ сарын 14-19-нд гарсан хүмүүсийг олж, шинжилгээ авах өргөжүүлсэн тандалт эхэлжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- "Өргөө" амаржих газарт төрсөн эхийг ХӨСҮТ рүү шилжүүлэх үйл ажиллагаа иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байна. Энэ үйл ажиллагааг зохицуулах журмын талаар тодорхой мэдээлэл өгөөч?

А.Амбасэлмаа: Коронавируст халдварын батлагдсан тохиолдол, ойрын хавьтлыг зөөвөрлөх журам байдаг. ЭМ-ийн сайдын тушаал байгаа. Мөн ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын тушаалаар батлагдсан журмыг мөрдөж ажилладаг. Халдварын батлагдсан тохиолдлыг зөөвөрлөж байгаа ажилтнууд иж бүрэн хамгаалах хувцас хэрэгсэл өмсөх ёстой. Зөөж байгаа хүнд хамгаалах хувцас хэрэгслийг иж бүрэн өмсгөхгүй, амны хаалт зүүлгээд, бээлий өмсгөөд ХӨСҮТ-д авчирч тусгаарлана. Ингэхдээ машинд ганцааранг нь зөөвөрлөх журамтай.

Мөн өвчтөнийг ажиглан тусгаарлах байрнаас шилжүүлэхээр бол урьдчилан мэдээлдэг. Үүнийхээ дагуу Нэгдүгээр төрөхөд батлагдсан тохиолдол гарсан учраас бэлтгэлийг хангах мэдээллийг өгсөн. Гэсэн хэдий ч тухайн үед үйлчилсэн баг бүрэлдэхүүний үйл ажиллагаатай холбоотой тийм явдал гарсанд бид харамсаж, цаашид ийм зөрчил дутагдал гаргахгүйн төлөө ажиллаж байна. Өвчтөнийг хүлээж авахад байгууллага ч бэлтгэлээ хангаагүй байсан. Зөөвөрлөн авч явах ажил дээр ч алдаа гарсан тул аль аль талдаа цаашид анхаарч ажиллана.

"Өргөө" амаржих газарт халдварын сэргийлэлтийн хариу арга хэмжээ өчигдрөөс явагдсан. Тэнд ахиж халдвар гарахгүй байх арга хэмжээг шуурхай зохион байгуулж байна.

-"Өргөө" амаржих газарт амаржиж, халдварт өртсөн ээж анх эмнэлэгт очихдоо ямар өгүүлэмжтэй байсан бэ?

А.Амбасэлмаа: -Тухайн иргэн нэгдүгээр сарын 14-нд Өргөө амаржих газарт очсон. Анх очиход нь эмнэл зүйн ямар ч шинж тэмдэг байхгүй байсан бөгөөд гэртээ хавьтал болсноо мэдээгүй байхдаа эмнэлэгт хэвтсэн байсан. Мөн тухайн иргэнийг анх эмнэлэгт очиход орцонд нь халдвар гараагүй байсан. Түүнээс хойш хэд хоногийн дараа буюу 18-ны өдөр тухайн орцонд халдвар бүртгэгдсэн бөгөөд шинжилгээ хийх явцад гэр бүлийн хүнээс нь коронавирусийн халдвар батлагдсан. Ингээд Нэгдүгээр төрөх эмнэлэг тусгаарлан ажиглах байрандаа тусгаарласан. Энэ хүнд одоо ч халдварын шинж тэмдэг илрээгүй.

Ер нь батлагдсан тохиолдлуудын 60-70 хувь нь шинж тэмдэггүй байгаа тул хэн, хэзээ халдвар авснаа мэдэхгүй. Бидний дунд ч халдвар авсан хүн явж байж болно. Бид одоогоор нэгдүгээр сарын 14-19-ний хооронд тус эмнэлгээс гарсан хүмүүсийг мөрдөж, шинжилгээ авах өргөжүүлсэн том тандалтын ажил эхэлсэн байна.

- Орцны халдварууд хэд хэдэн газарт бүртгэгдлээ. Халдвар хэрхэн тархаад байна вэ?

А.Амбасэлмаа: Энэ халдвар бол амьсгалын болон агаар дуслын замаар халдварладаг. Тиймээс 1.5 метрээс дотогш зайд харилцах, амны хаалтгүй харилцах, магадгүй халдвартай хүний үйлдлээр бохирдсон зүйлтэй харьцахад халдварт өртөнө. Нэг орцны хүмүүс цахилгаан шатаар хамт зорчихоос гадна олон удаа тааралддаг.  БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байранд халдварын хоёр батлагдсан тохиолдол гарсан учраас шинжилгээнд хамруулж халдварыг илрүүлсэн. Тухайн орон сууцны бусад орцны оршин суугчид болон ойр орчмын иргэдийг шинжилгээнд хамруулах ажил үргэлжилж байна.

- Энэтхэг улсаас манай улсад 2 сая хүн тун вакцин нийлүүлэх боломжтойгоо мэдэгдлээ. Тус улсаас нийлүүлэх вакциныг авах бэлтгэлийг хангаж байгаа юу?

Д.Нарангэрэл: Энэтхэг улсын вакцин үйлдвэрлэл дэлхий дахинд тэргүүлэх байранд ордог. Манай улс товлолын дархлаажуулалтад хэрэглэдэг, гуравт, тавт вакцин, улаанбурханы дархлаажуулалтад сүүлийн 15 жилийн турш Энэтхэгт үйлдвэрлэсэн вакциныг хэрэглэж байгаа. Тус улсад үйлдвэрлэж байгаа хоёр вакцин клиникийн туршилтыг даваад гарчихсан. Тиймээс ЭМЯ-ны холбогдох ажилтнууд тухайн вакциныг хэрхэн хэрэглэх талаар хоёр өдрийн цахим сургалтад хамрагдсан.

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/863343034488992

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.