Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Хөдөөний хүүхдүүдийн 40, хотын хүүхдүүдийн 30% нь теле болон радио хичээлд хамрагдаж чадаагүй

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний Статистикийн хороо, НҮБ-ын Хүүхдийн сангаас "Олон үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгаа нэмэх 2020-2021 (ОҮБТС+)” судалгааныхаа эхний хоёр үе шатны үр дүнг өнөөдөр танилцууллаа. 

2020 оны есдүгээр сарын 18-наас аравдугаар сарын 25-ны хооронд явагдсан нэгдүгээр шатанд КОВИД-19 цар тахлын үе дэх 2-17 насны хүүхдүүдийн зайн сургалтын талаар байсан юм. 

Хот, хөдөө нь түүврийн гол домэйн бөгөөд нийт 2,200 өрхийг түүвэрлэсэн. Түүврийг 4 бүс тус бүрээс 400 өрх, Улаанбаатар хотоос 600 өрх байхаар сонгожээ. Панел дата үүсгэхийн тулд судалгааны үе шатуудад ижил өрхийг судалгаанд хамруулсан билээ.

Иймээс зайн сургалтын талаарх судалгааны үр дүнгээс онцлон хүргэж байна.


  • COVID-19-ийн улмаас 2020 оны  хоёрдугаар сард сургууль, цэцэрлэгийн танхимын үйл ажиллагааг хаахаас өмнө 2-17 насны хүүхдүүдийн 86% нь цэцэрлэгт явж, сургуульд сурч байжээ.
  • Хөдөөний 10 хүүхэд тутмын дөрөв нь, хотынхны гурав нь ТВ/Радио хичээлд хамрагдаж чадаагүй нь боловсролын үйлчилгээний тасралтгүй байдалд бэрхшээл үүсгэж болзошгүй гэдгийг судалгааны багийнхан анхааруулав.
  • ТВ, радиогоор хичээл үзэж, сонссон 2-17 насны хүүхдийн зайн сургалтад хамрагдалт 60%-тай гарчээ.
  • Хотын хүүхдүүдийн тэн хагас нь, хөдөөгийн хүүхдүүдийн хувьд арай илүү хувь (55 хувь) нь сургууль, багш нараасаа нэмэлт хичээл авсан бөгөөд тэд өдөрт дунджаар нэмэлт онлайн хичээлд 67-79 минут зарцуулж байна.
  • Хувийн сургуулийг улсын сургуультай харьцуулахад нэмэлт хичээл өгөх нь илүү буюу нэмэлт хичээлд зарцуулж буй хугацаа 40 минутаар илүү байсан. 
  • Гэрийн даалгавартай байсан хоёр хүүхэд тутмын нэг нь эцэг эхээсээ, дөрвөн хүүхэд тутмын нэг нь ах, эгчээсээ дэмжлэг авсан. Гэрийн даалгавартай байсан дөрвөн хүүхэд тутмын нэг гэрийн даалгавраа хийхэд ямар нэг дэмжлэг аваагүй. 
  • Хотын дөрөв, хөдөөний гурван хүүхэд тутмын тус бүр нэг хүүхдийн багш болон сургууль өрхтэй нь огт холбоо бариагүй.
  • Зайн сургалтын явцад сургалтын материалын хүртээмж хангалтгүй бөгөөд хүүхдүүдийн тал хувьд ч хүрээгүй.
  • Хөдөөний хүүхдүүдийн 30 хувь, хотын хүүхдүүдийн 43 хувь нь сургууль, багш нараасаа сургалтын материал авчээ. Цаашилбал, хүүхдүүдийн сурлагын амжилтын талаар мэдээлэл хязгаарлагдмал байна.
  • 2019-2020 оны хичээлийн жилд ЕБС-ын 3-12 дугаар ангийн, хөдөөний хүүхдүүдийн талаас илүү хувь, хотын хүүхдүүдийн 43 хувь нь сурлагын оноогоо мэдэхгүй байгаа.
  • Гурван өрх тутмын нэг нь интернэт холболтгүй. 
  • Нийт хүүхдийн 98% нь хичээлээ телевизээр үзсэн.
Нэмэлт хичээл гэдэг нь Засгийн газраас хэрэгжүүлсэн ТВ/Радио хичээлээс гадна сургууль эсвэл багшаас өгсөн хичээлийг хэлнэ. 

Зайн сургалтад хамрагдсан байдлыг хүйсээр нь харвал:

  • Эрэгтэй- 65%
  • Эмэгтэй- 68%-ийг эзэлж байна.

Зайн сургалтад хамрагдалтыг насаар нь ангилбал:

  • 2-5 насныхан буюу цэцэрлэгийн насныхны хамрагдалт харьцангуй бага буюу 39%
  • 6-9 насныхан буюу бага ангийнхан зайн сургалтад хамрагдалт 71% 
  • 10-14 насныхан 85%
  • 15-17 насныхан 78%

Бага ангийнхны зайн сургалтад хамрагдалт тааруу байгааг судалгааны багийнхан мөн онцолсон юм.

Эцэг эхчүүдийн зайн сургалтад өгч буй сэтгэл ханамж:

  • 37% нь хангалуун,
  • 33% нь аль нь ч биш,
  • 24% нь огт сэтгэл хангалуун биш
  • 6% нь мэдэхгүй хэмээн хариулсан болохыг судалгааны багийнхан танилцуулсан юм. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/StatisticMongolia/videos/753373268866091