Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Твиттер компани АНУ-ын дэд ерөнхийлөгч болох Камала Харрисийн нөхөрт зориулж “дэд ноён”-ы хаяг үүсгэжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Ирэх долоо хоногт АНУ-ын шинэ ерөнхийлөгч Жо Байден тангараг өргөснөөр тус улс түүхэндээ анх удаа эмэгтэй дэд ерөнхийлөгчтэй болох гэж байна.

Үүнээс гадна дэд ерөнхийлөгч болох Камала Харрисийн нөхөр Америкийн түүхэнд анхны “дэд ноён” болох юм.

Жо Байден тангараг өргөснийхөө дараа @POTUS (President of the United States) твиттер хаягтай болох гэж байгаагаа Баасан гарагт зарласан юм. Мөн өөрийн гэргий, шинэ тэргүүн хатагтай Жилл Байден, дэд ерөнхийлөгч Камала Харрис нарын шинэ твиттер хаягуудыг зарлаж, дагахыг хүмүүст зөвлөжээ.

Сонирхолтой нь Харрисийн нөхөр Даглас Эмхоффт дэд ноёны @SecondGentleman хаяг нээснийг энэ үеэр бас зарласан юм. 

Хуульч мэргэжилтэй Эмхофф нь хувийн @DouglasEmhoff хаягтаа 700,000 гаруй дагагчтай байжээ. Шинэ @SecondGentleman хаяг нь Байденыг зарласнаас хойш өнгөрсөн хугацаанд бараг хагас сая дагагчтай болсон байна.

Жо Байдены хамтарч ажиллахаар сонгосон Камала Харрис нь АНУ-ын түүхэнд анхны эмэгтэй, анхны африк, анхны энэтхэг гаралтай дэд ерөнхийлөгч болж байгаа юм.

Мөн түүхэнд анх удаа Америкчууд “Тэргүүн хатагтай” (First Lady), “Дэд хатагтай” (Second Lady) нэрнээс гадна “Дэд ноён” (Second Gentleman) нэрийг хэрэглэх болж байна.

Эмхофф нь бас АНУ-ын ерөнхийлөгч, эсвэл дэд ерөнхийлөгчтэй гэрлэсэн анхны жүүд хүн болж байгааг Изралийн хэвлэлүүд мэдээлжээ.

 

Эх сурвалж: Business Insider