Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Теннисийн оддыг тусгай үүргийн нислэгээр авчирсанд гадаадад гацсан Австраличууд бухимдаж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Удахгүй болох Australian Open газрын теннисийн тэмцээнд оролцох өндөр чансаатай тамирчдыг Австралийн засгийн газар тусгай үүргийн нислэгээр эх орондоо авчирсан юм.

Энэ шийдвэр гадаад орнуудад гацаж, гэртээ харих боломжийг хүлээж байгаа 37,000 орчим Австраличуудыг бухимдуулсан байна.

Одоогоор тус улс гаднаас авах зорчигчийн тоонд хатуу хязгаар тавиад байгаа нь тусгаарлах байрны багтаамжаас хамааралтай юм. Тэмцээнийг зохион байгуулагчид тамирчдад онгоцонд суухаасаа өмнө шинжилгээ хийлгэж, халдваргүйгаа баталсан байх шаардлага тавьжээ.

Ирэхэд нь Мельбурн, Аделайд хотуудын зочид буудлуудад тусгаарлахаар болсон байна. Тусгаарлалтад байхдаа тамирчид өдөрт 5 цаг талбайд бэлтгэл хийх боломжтой байхаар төлөвлөсөн юм.

Гэвч тамирчдыг авчирсан тусгай үүргийн нислэгүүдэд коронавирусийн халдварын тохиолдлууд илэрсэн тул нийт 47 тамирчин гадаа талбайд бэлтгэл хийх эрхгүйгээр 14 хоног өрөөндөө тусгаарлагдахаар болжээ.

Лос Анжелес хотоос ирсэн эхний нислэгт Викториа Азаренка, Слоэйн Стивенс зэрэг одууд багтсан байна. Гэтэл энэ нислэгээр ирсэн хүмүүсээс тамирчин биш нэг хүн халдвар авсан нь батлагджээ.

Арабын Нэгдсэн Эмиратын нийслэл Абу Дабигаас ирсэн хоёр дахь нислэгт 23 тамирчин ирсэн ба энэ нислэгээр ирсэн хүмүүсээс мөн тамирчин биш нэг хүний шинжилгээний хариу эерэг гарсан байна.

Тусгай үүргийн хоёр нислэг хоёул Баасан гарагт Австралид газардсан юм.

Australian Open тэмцээн хоёрдугаар сарын 8-нд эхлэнэ. Одоо тамирчдад тусгаарлалтаас гараад 10 хүрэхгүй өдөр бэлтгэл хийх давчуу хугацаа оногдож байна. Тиймээс цаг алдахгүйн тулд тэдний зочид буудлын өрөөнүүдэд дасгалын хэрэгслүүд тарааж, өрөөндөө бэлтгэл хийх боломжоор хангажээ.

Их Британийн теннисчин Жоанна Конта зочид буудлын өрөөнд хэрхэн бэлтгэл хийж байгаагаа твиттер хуудсандаа харуулсан байна.

Гадаадад гацсан иргэдийнхээ уур бухимдлыг дарахын тулд Австралийн засгийн газар нэмж тусгай үүргийн 20 нислэг зохион байгуулах болсноо Бямба гарагт зарлажээ. Эдгээр нислэгээр ирэх зорчигчдод одоо үйлчилж буй хүлээн авах хүмүүсийн хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.

Хоёрдугаар сарын 15-ныг хүртэл тус улсын Нью Соут Уэльс муж долоо хоногт 1,505, Баруун Австрали муж 512, Күинслэнд муж 500 зорчигч гаднаас хүлээж авах хязгаар тогтоосон юм.

Бусад мужууд ч өөр өөрийн хязгаарыг тогтоогоод байна.

 

Эх сурвалж: BBC