Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Бали арлын Макака сармагчингуудын эдийн засгийн “боловсрол” дээшилснийг судлаачид тогтоожээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Индонезийн аялал жуулчлалын төв Бали арлын Улувату сүмийн ойролцоо амьдардаг макака сармагчингуудыг судалсан эрдэмтэд тэдэнд эд зүйлсийн үнэ цэнийг ойлгох мэдрэмж туршлагаар бий болсныг тогтоожээ.

Энэ сүмд очсон жуулчдын эд зүйлсийг сармагчингууд хулгайлах үзэгдэл түгээмэл байдаг. Харин насанд хүрсэн макака сармагчингууд аль болох үнэтэй эд зүйлсийг жуулчдаас хулгайлж, түүнийгээ буцааж хоол хүнсээр сольдог болсныг Канад, Индонезийн эрдэмтдийн баг ажиглажээ.

Ингэхдээ хулгайлсан эд зүйлийнхээ үнэ цэнэд тохирсон хэмжээний хоол хүнсийг эзнээс нь нэхдэг болсон байна.

Эрдэмтдийн судалгааны тайлан Даваа гарагт Royal Society Science сэтгүүлд нийтлэгдсэн юм.

Ингэж амжилттай наймаалцах чадвар нь сармагчингуудын нас, туршлагатай шууд хамааралтай байсан гэнэ.

Сармагчингуудын ааш авир, үйлдлийг 2015-2016 оны хооронд 273 өдөр, дараа нь 2019 онд үргэлжлүүлэн ажигласны эцэст уг дүгнэлтийг гаргасан байна.

Бага залуу сармагчингууд жуулчдын цүнх, малгай, нарны шил, гар утас зэрэг эд зүйлсийг хулгайлан зугтсаныхаа дараа эзнийх нь өгсөн багахан хоол хүнсээр солилцож байжээ.

Харин насанд хүрсэн сармагчингууд хулгайлсан эд зүйлсийнхээ үнэд тохирсон хүнсийг авах хүртлээ эзэнд нь буцааж өгөхөөс татгалзаж байсан гэнэ.

Тэд бас жуулчдаас электроникийн бараа бүтээгдэхүүн хулгайлбал илүү үнэд хүрэхийг ойлгож байжээ. Зэрлэг амьтдын дотор анх удаа эдийн засгийн үндэслэлтэй шийдвэр гаргах үйл явцыг олж илрүүлснээ эрдэмтэд онцолсон байна.

 

Эх сурвалж: CNN