Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Худалдааны нийт бараа эргэлт өмнөх оны мөн үеэс 898 сая ам.доллароор буурчээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn
Монгол Улс энэ оны эхний 11 сард дэлхийн 149 улстай худалдаа хийснээс 73 улсад бараагаа экспортолж, 142 улсаас гарал үүсэлтэй барааг импортолжээ.

Ингэхдээ гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний 11 сарын гүйцэтгэлээр 11.7 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.1%-аар буюу 897.6 сая ам.доллароор буурсныг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Тодруулбал, экспорт, импортоос давамгайлж экспорт, гадаад худалдаа 1.97 тэрбум доллароор эерэг гарсан байна.

Энэ оны эхний 11 сард 27.7 тонн боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт экспортолжээ

Экспорт 6.9 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 200.4 сая ам.доллароор буюу 2.8% хувиар буурсан аж. Ийнхүү буурахад,

  • Эрдэс бүтээгдэхүүний хэсэгт багтах барааны экспорт 1.2 тэрбум ам.доллароор,
  • Нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспорт 158.3 сая ам.доллароор тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.

Тоо хэмжээний хувьд БУУРАЛТТАЙ эрдэс бүтээгдэхүүн:

  • Чулуун нүүрс 27 сая тонныг 2 тэрбум ам.доллароор экспортолсныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 941 сая ам.доллароор, тоо хэмжээний хувьд 7.8 сая тонноор тус тус бага байна. Чулуун нүүрсний 95%-ийг БНХАУ руу гаргажээ.
  • Түүхий нефть тайлант хугацаанд 3.6 сая баррель буюу 128.2 сая ам.доллар байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 2.4 сая баррелиар, үнийн дүн 206.5 сая ам.доллароор тус тус бага байна.  
  • Зэсийн баяжмал 1.26 сая тонн экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 36.4 мянган тонноор бага байна. Өнгөрсөн оны мөн үед зэсийн баяжмалын дундаж үнэ 1,292.7 ам.доллар, экспортын үнийн дүн 1.7 тэрбум ам.доллар байсан бол энэ онд дундаж үнэ 1,216.5 ам.доллар, үнийн дүн 1.5 тэрбум ам.доллар болж тус тус буурчээ.
  • Жоншны экспорт 140.1 сая ам.доллар ба 605.5 мянган тоннд хүрч 2019 оны мөн үеийн гүйцэтгэлээс 25.5 мянган тонноор, үнийн дүнгээр 47.1 сая ам.доллароор тус тус буурсан байна. Жоншны 76.6 хувийг БНХАУ-д, 23.1 хувийг ОХУ-д экспортложээ.

Тоо хэмжээний хувьд ӨСӨЛТТЭЙ эрдэс бүтээгдэхүүн:

  • Молибдены баяжмалын экспорт үнийн дүнгээр 36.4 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 9 сая ам.доллароор буурсан ба тоо хэмжээний хувьд 5,705.8 тонныг экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеэс 516.6 тонноор их байна. Тус бүтээгдэхүүний нэг тонны экспортын хилийн дундаж үнэ 8,750.6 ам.доллароос 6,387.6 ам.доллар болж, 2363 ам.доллароор буурсан нь үнийн дүнгээр буурахад нөлөөлсөн байна. Молибдены баяжмалын 84.8 хувийг БНХАУ, 15.2 хувийг БНСУ-руу тус тус гаргасан байна.
  • Цайрын баяжмалын экспорт тайлант хугацаанд 123.4 мянган тоннд хүрч 1 тонныг дунджаар 1,234.2 ам.доллароор экспортлосон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дундаж үнэ 171.9 ам.доллароор буурсан байна. Цайрын баяжмалын экспорт үнийн дүнгээр 152.3 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 22.9 сая ам.доллароор буурчээ.
  • Төмрийн хүдрийн экспорт 7.6 сая тонн буюу 585.8 сая ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад уг бүтээгдэхүүний экспорт 37.7 мянган тонноор, үнийн дүн нь 66.5 сая ам.доллароор тус тус өсчээ. Нэг тонн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 76.9 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.4 ам.доллароор өссөн байна.

Үүнээс гадна тайлант хугацаанд 16,942.8 тонн адууны мах, 1,065.1 тонн хонь, ямааны мах, 902.5 тонн малын дайвар бүтээгдэхүүн, 80.4 тонн утсан, хатаасан мах, дайвар бүтээгдэхүүн болон үхрийн боловсруулсан мах 3,403.4 тн, хонь ямааны боловсруулсан мах 15,153 тн-ыг экспортолжээ.

Түүнчлэн энэ оны эхний 11 сард 27.7 тонн боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт экспортолсон байна.

Энэ оны эхний 11 сард импортолсон суудлын автомашины тоо өмнөх оны мөн үеэс буурчээ

Импорт өссөн бүтээгдэхүүн:

  • Импортын хувьд ургамлын гаралтай бүтээгдэхүүний импорт 25.7 сая ам.доллароор;
  • Чулуу, гөлтгөнө, шөрмөсөн чулуу, гялтгануур болон тэдгээртэй төстэй материалаар хийсэн бүтээгдэхүүний импорт 23.6 сая ам.доллароор;
  • Химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүнийн импорт 5.8 сая ам.доллароор;
  • Мал амьтны болон ургамлын гаралтай тос, өөхний бүтээгдэхүүний импорт 4.8 сая ам.доллароор;
  • Амьд мал, амьтад, мал амьтдын гаралтай бүтээгдэхүүний импорт 3.6 сая ам.доллароор тус тус өссөн байна.

Импорт буурсан бүтээгдэхүүн:

  • Эрдэс бүтээгдэхүүний импорт 321.4 сая ам.доллароор;
  • Авто, агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд, ангийн импорт 231.7 сая ам.доллароор;
  • Машин, механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэгийн импорт 176.4 сая ам.доллароор тус тус буурчээ.

Импортын зарим гол бүтээгдэхүүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулан үзвэл эхний 11 сарын хугацаанд 545.1 мянган тонн автобензин импортлосон нь 2019 оны мөн үеийн дүнгээс 73.6 мянган тонноор их байжээ. 

Мөн тайлант хугацаанд /эхний 11 сар/ суудлын автомашин 48,963, ачааны автомашин 19,235 орж иржээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад суудлын автомашины импорт 17,650-аар, ачааны автомашины импорт 2,525-аар тус тус буурсан байна. 

Хүснэгт. Хүнсний бүтээгдэхүүний импорт

 

Дээрх хүснэгтэд харуулсан 14 төрлийн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээс зургаан төрлийн бүтээгдэхүүний импорт биет хэмжээгээр буурлаа. Тухайлбал шар будааны импорт 886.1 тонноор, алим лийрний импорт 2.3 мян.тонноор, хуурай сүүний импорт 0.8 мян.тонноор, байцааны импорт 1.5 мян.тонноор тус тус буурсан аж. 

2020 оны эхний 11 сарын байдлаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээс үнийн дүнгээр харвал: 

  • Элсэн чихрийн импорт 2.5 сая ам.доллароор,
  • Маргарины импорт 1.8 сая ам.доллароор,
  • Ургамлын тосны импорт 4.1 сая ам.доллароор,
  • Шахмал ногоон цайны импорт 246.3 мянган ам.доллароор,
  • Сонгино саримсны импорт 1.5 сая ам.доллароор,
  • Цагаан будааны импорт 4.9 сая ам.доллароор тус тус өсжээ.