Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Энхтайван: Энэ оны төгсгөл, ирэх оны эхэнд 30 орчим Элчин сайдын томилгооны асуудал яригдана

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын гадаад харилцааны чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Гадаад харилцааны сайд Н.Энхтайван өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

 Өнөөдрийн байдлаар ГХЯ нийт 147 ажилтан, 13 газар, 5 нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Мэдээллийн үеэр сэтгүүлчдийн асуусан асуултын хариултаас онцлон хүргэж байна.   

- Элчин сайдын томилгооны асуудал болон дипломат албанд ажиллаж байгаа ажилтнуудад ямар хяналт тавьж байгаа талаар мэдээлэхгүй юу? 

 - Гадаад харилцааны яам болон Дипломат төлөөлөгчийн газар томилогдсон хүмүүст тусгайлан сургалт зохион байгуулж байна. Дипломат  болон албан паспортыг цэгцлэх ажил өнгөрсөн сард хийгдлээ. Нийт 6,000 орчим дипломат болон албан паспортыг хүчингүй болгосон. Мөн дипломат машины дугааруудыг бүртгэх ажил хийгдэн журмын бусаар авсан машины дугаарыг цуцлах ажил хийгдсэн. Дипломат дугаартай бүх машинууд чиптэй болсон бөгөөд хаанаас хаана хүрч байгааг бүрэн хянах тогтолцоо бүрдлээ. Түүнчлэн дипломат ажилтнууд нэг сарын хугацаанд гадаад оронд зорчсон бол сар бүр мэдээллийг нь авч байх тогтолцоо ч бүрдсэн.

Дипломат алба болон Элчин сайдын томилгоон дээр ямар нэгэн шахаа байхгүй. Хэн нэгний нөлөөн дор томилгоо хийхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Гадаад харилцааны системд ажиллаж байгаа хүнээ Элчин сайдын яаманд болон Элчин сайдаар томилох бодлогыг баримталж ажиллана.

Элчин сайдыг томилох асуудлыг Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд хуульчилсан байдаг. Үндсэндээ Засгийн газрын шийдвэр гарч, Ерөнхийлөгч дээр орж зөвшилцөн дараагаар нь УИХ дээр эцэслэдэг. Өөрөөр хэлбэл, Элчин сайдыг томилох эцсийн шийдвэрийг УИХ гаргана.

- Өмнөх УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд 10 орны элчин сайд ороод, ерөнхийлөгчийн зүгээс нэрсийг татаж авсан. Шинээр Элчин сайдыг тодруулах уу? 

- Хуулийн дагуу шинээр элчин сайд нарыг дахин тодруулж, Засгийн газар, Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулж өргөн мэдүүлэх ажил бий. Энэ онд хугацаа нь дуусаж хэтэрсэн 7 орон, хугацаа нь болчихсон 10 гаруй орон байгаа ба 20 элчин сайдын асуудлыг УИХ-д оруулж, шийдвэрлэх юм. Энэ ондоо багтаад энэ ажлыг хийнэ. Хугацаа нь дууссан ч үргэлжлүүлэн ажиллаж байсан долоон хүнийг татсан. 

Харин ирэх онд хугацаа нь дуусах 10 гаруй Элчин сайд байгаа. Тэгэхээр нийтдээ энэ оны төгсгөл, ирэх оны эхэнд 30 орчим Элчин сайдын томилгооны асуудал яригдана” гэлээ.

- Энэ онд хийгдэх айлчлал үлдсэн үү?

 - Энэ ондоо төлөвлөгдсөн айлчлал байхгүй. Ирэх оны айлчлалын төлөвлөөг гаргасан. Энэхүү төлөвлөгөөнд дээд түвшний айлчлалууд багтдаг бөгөөд энэ нь нууцын зэрэглэлтэй байдаг тул нээлттэй хэлэх боломжгүй.

- Орон нутгийн сонгууль дууссантай холбоотойгоор ГХЯ-наас шаталсан сургалтыг зохион байгуулах уу?  

- Гадаад бодлогод хамгийн их оролцоотой байдаг улсууд орон нутагт ажилладаг. Тэгэхээр арванхоёрдугаар сардаа багтаад аймгуудын Засаг дарга, орлогч Засаг дарга болон гадаад харилцааны ажилтнуудын түвшинд сургалт явуулна. Энэ үеэр биеэ зөв авч явах, гаднынхантай хэрхэн харьцах талаар тусгай хичээл ордог.

 

Цаашид ГХЯ-ны хийх ажлууд:  Тодруулбал, 

  • Монгол Улсын гадаад дахь нэр хүндийг улам өсгөнө.
  • Гадаад харилцаа, гадаад худалдааны хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгоно.
  • Монгол экспорт” хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн бус бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, экспортыг төрөлжүүлнэ
  • Гадаад худалдааны хэмжээг тогтвортой нэмэгдүүлж, худалдааны алдагдлыг багасгана.
  • ОХУ-д гаргаж буй экспортын хэмжээг нэмэгдүүлнэ.
  • Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.
  • Цар тахлын улмаас хилийн чанадад саатсан иргэдээ УОК-тай хамтран татан авна.
  • Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлаар судалгааг дуусгана.
  • ОХУ, БНХАУ-ыг холбосон хийн хоолой барих асуудлыг урагшлуулна.
  • Унгар Улсын хөнгөлөлттэй 57 сая ам долларын зээлээр баригдах Биокомбинат УҮГ-ыг ашиглалтад оруулах
  • АНУ-ын МСК-ын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын усан хангамжийн асуудлыг шийдэх 350 сая ам. долларын төслийг хэрэгжүүлнэ.
  • 2020-2024 онд Словени, Бельги, Недерланд, Люксембург,  Мальдив, Гүрж, Эмират зэрэг улстай харилцан визгүй зорчих хэлэлцээр байгуулж, визгүй зорчих улсын тоог 70-аас доошгүйд хүргэнэ.