Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Эхний есөн сард манай улс Европын холбоотой $526 саяын худалдаа хийжээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг

“Монгол Улсын Европын холбооны зах зээлд гаргах экспортын чадамжийг нэмэгдүүлэх” гэсэн сэдвийн хүрээнд Европын холбооны худалдааны өдөр өнөөдөр зохион байгуулагдаж байна. 

Гоо сайхан, арьс шир, чацаргана, сарлагийн хөөвөр ба торомны ноос зэрэг дөрвөн кластерт тулгарч байгаа сорилт бэрхшээлийг энэ үеэр хэлэлцэж, ЖДҮ эрхлэгчдэд зориулсан экспортын санхүүжилтийн арга хэрэгслүүдийн талаарх Европ-Монгольн хамтарсан худалдааны танхимын зөвлөмжүүдийг танилцуулж байгаа юм. 

Манай улсын худалдааны бодлогыг сайжруулах, ЕХ-ны зах зээлд экспортлох, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх зорилготой уг төслийн ач холбогдол ялангуяа цар тахлын энэ үед маш өндөр болохыг МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн онцолсон юм. ЕХ-ноос Монголын худалдааг дэмжих буюу ТРАМ төслийн үр дүнд 2020 оны эхний есөн сард манай улс Европын холбоотой $526 саяын худалдаа хийжээ.

Тэрбээр “МҮХАҮТ-тай хамтран хөгжүүлсэн дээрх дөрвөн кластераас олж авсан мэдлэг туршлага дээрээ тулгуурлаад бид кластерыг бие даан зохион байгуулж эхэлж байна. Кластер ямар ач холбогдолтой вэ?

Бид бодитой экспорт хийх гэж үзээд кластергүйгээр болохгүй юм байна гэдгийг мэдэрсэн.

Жишээ нь, Монгол Улс жилд дэлхийн хушны самрын 7%-ийг нийлүүлдэг буюу 30 сая долларын хагас боловсруулсан бүтээгдэхүүн гаргадаг. Тэгвэл энэ нь Европын холбоонд 120 сая ам.долларын бүтээгдэхүүн болж очдог юм байна. Нэг төрлийн бүтээгдэхүүнээс жилд бид 80-90 сая долларыг алддаг гэсэн үг.

Тиймээс кластер бий болгож, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нэг ч гэсэн ажлын байрыг нэмэгдүүлэх ёстой. 

Ялангуяа, цар тахлаас үүдэлтэйгээр ажилгүйдэл их байгаа энэ үед бид нэгдсэн зохион байгуулалтад орж, экспортын бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээх шаардлагатай” гэлээ. 

Энэ удаагийн Европын Холбооны худалдааны өдрийг 2020 оны 10 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд болно. Маргааш буюу хоёр дахь өдрийн арга хэмжээг GSP Hub төслөөс зохион байгуулах ба экспортын бүтээгдэхүүний шинэ төрлүүдийг тодорхойлох замаар GSP+ буюу ЕХ-ны хөнгөлөлтийн ерөнхий системийн ашиглалтыг нэмэгдүүлэх, Европын компаниудыг Монгол Улсаас бүтээгдэхүүн импортлохыг дэмжих, олон улсын тогтвортой байдлыг хангах стандартууд нэвтрүүлэхэд шаардлагатай мэдлэг, мэдээллийг өгөх юм байна.