Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Фижи улсын нийслэлд Хятад, Тайванийн дипломатчид гар зөрүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Номхон далайн бяцхан арал улс Фижийн нийслэлд Хятад, Тайванийн дипломатчдын хооронд зодоон болсон тухай мэдээлэл Даваа гарагт ил болжээ.

Энэ үеэр Тайваний нэг дипломатч толгойдоо гэмтэл авч, эмнэлэгт хэвтсэн байна. Өчигдөр хоёр улсын гадаад хэргийн яамд мэдэгдэл гаргаж, болсон явдалд харилцан нэг нэгнээ буруутгажээ.

Аравдугаар сарын 8-ны өдөр Фижийн нийслэл Сува хотын Grand Pacific зочид буудалд Тайванийн үндэсний баярт зориулсан ёслолын ажиллагаа болж байсан гэнэ. Энэ үеэр Хятадын хоёр дипломатч урилгагүйгээр нэвтэрч, тэнд цугларсан хүмүүсийн зургийг авч эхэлсэн байна.

Арга хэмжээнд Фижи улсын сайд нар, гадаадын дипломатууд, Фижи дэхь хятад үндэстнүүдийн төлөөлөл зэрэг хүмүүс цуглаад байжээ. Хятадын дипломатчдын үйлдлийг зогсоох гэсэн Тайванийн төлөөлөгч маргаан үүсгэснээр харилцан гар зөрүүлсэн байна.

Хэргийн газарт Фижийн цагдаа нар ирсэн ч дипломат халдашгүй эрхтэйн улмаас Хятадын элчин сайдын яамны ажилтнуудыг саатуулж чадаагүй тухай Тайванийн тал мэдээлжээ.

Өчигдөр Тайванийн гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд Хятадын элчин сайдын яамны ажилтнууд ёс зүйгүй авирлаж, соёлжсон нийгмийн хэм хэмжээг бүдүүлгээр зөрчсөнд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.

Харин Бээжинд болсон хэвлэлийн хурлын үеэр Хятадын гадаад хэргийн яамны төлөөлөгч Жао Лижян дээрх мэдэгдлийг “зохиомол гүтгэлэг” гээд “Нэг Хятад” бодлогоос гадуур үйл ажиллагаа зохион байгуулсан явдлыг шалгаж өгөхийг Фижийн засгийн газарт уриалжээ.

“Тайванийн худалдааны төлөөлөгчийн газар “үндэсний баяр” хэмээх арга хэмжээг зохион байгуулж, “хуурамч улс”-ын далбааг нийтэд үзүүлсэн” нь Нэг Хятад бодлогыг зөрчсөн явдал гэж тэр тайлбарласан байна.

Номхон далайн бүс нутаг нь сүүлийн үед Хятад, Тайванийн өрсөлдөөний талбар болоод байгаа. Энэ бүс нутгийн жижиг арал улсууд Тайваньтай дипломат харилцаатай явж ирсэн түүхтэй ч 2019 оноос эхлэн Хятадын нөлөө нэмэгдэж, Соломоны арлууд, Кирибати улсуудыг Бээжин өөртөө урвуулсан байна.

Одоогоор Науру, Палау, Маршаллын арлууд, Тувалу улсууд Тайваньтай дипломат харилцаатай хэвээр байгаа.

Дээрх хэрэг гарсан Фижи улс нь Хятадтай дипломат харилцаатай бөгөөд сүүлийн таван жилийн хугацаанд Бээжингээс авсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь $1 тэрбум гаруйд хүрсэн байна.

Ийм сайн харилцаатай мөртлөө Фижи улсын сайд нар Тайванийн төлөөлөгчийн газраас зохион байгуулсан арга хэмжээнд оролцсон нь Хятадын дипломатчдыг бухимдуулсан бололтой.

 

Эх сурвалж: The Guardian