Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Орон нутгийн сонгуульд өрсөлдсөн улстөрчдийн хүүхдүүдээс нэг нь л сонгогджээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт өндөрлөж, дүн мэдээ гарч эхлээд байна. 

Энэ удаагийн орон нутгийн сонгуульд цөөнгүй улстөрчийн хүүхэд нэр дэвшиж байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хүргэн, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарын хөвгүүд, УИХ-ын гишүүн асан Р.Гончигдоржийн охин, УИХ-ын гишүүн Л.Болдын дүүгийн хүү зэрэг хүмүүс НИТХ-д нэр дэвшсэн. 

Тэднээс нэг нь л НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож чаджээ. Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүргэн НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва Нийслэлийн ИТХ-ын 8 дугаар тойрог буюу Баянзүрх дүүргээс 9,141 сонгогчийн санал авсан байна. 

Харин түүнтэй нэг дүүрэг хэдий ч өөр тойрогт АН-аас нэр дэвшсэн Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ 5,831 буюу 29.48%-ийн санал авсан ч сонгогдож чадаагүй байна.

Э.Эрдэнэтэй нэг тойрог буюу НИТХ-ын сонгуулийн 6 дугаар тойрогт ХҮН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн асан Р.Гончигдоржийн охин Г.Уянгахишиг 3,971 буюу 20.08%-ийн саналаар мөн л сонгогдож чадсангүй. 

Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугар харьцангуй олон буюу 9,036 сонгогчийн санал авсан ч хоёр мандаттай тойргоос НИТХ-д сонгогдсонгүй. 

Түүнчлэн НИТХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хан-Уул дүүрэгт нэр дэвшсэн УИХ-ын гишүүн асан Л.Болдын дүүгийн хүү Б.Билэгт 5,855 буюу 32.68%-ийн санал авсан ч мөн л сонгогдож чадаагүй байна.