Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Орон нутгийн сонгуульд өрсөлдөх гэж буй улстөрчдийн хүүхдүүд

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
ТАНИЛЦ: Орон нутгийн сонгуульд өрсөлдөх гэж буй улстөрчдийн хүүхдүүд
Sara, ikon.mn - text to speech

Орон нутгийн хурлын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ улс төрийн намууд албан ёсоор танилцуулж эхлээд байна. 

Нийслэлийн МАН өнгөрөгч амралтын өдрүүдэд хуралдан Даваа гарагт 45 нэр дэвшигчээ албан ёсоор зарласан. Харин Ардчилсан Нам, Монгол Ардын Хувьсгалт Нам болон Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл орон нутгийн сонгуульд хамтран оролцохоо мэдэгдсэн. Ингэсгээр нийслэлд өрсөлдөх 45 нэр дэвшигчийн 37 нь АН-аас, үлдсэн найм нь МАХН-аас нэр дэвших болов. ШИНЭ намын тухайд АН-ын нэг жигүүрээс үүссэн, угшил нэгтэй гэж үзсэн учраас энэ удаагийн сонгуульд нэг нэрэн дор явахаар болжээ. 

Улс төрийн голлох хүчнүүд орон нутгийн сонгуульд шинэ залуу боловсон хүчнээ “сойж” буйгаа мэдэгдсэн. Шинэ хүмүүсээс гадна өмнө нь шат шатны иргэдийн хуралд харьяалагдаж явсан, 2020 оны Их хурлын сонгуульд нэр дэвшин, өвдөг шороодсон хүмүүс ч энэ удаагийн сонгуульд хүч үзэхээр болсон байна. 

Улстөрчдийн залуу халаагаа бэлдэх дамжлага болдог иргэдийн хурлын сонгуульд төрийн өндөр албан тушаал хашиж эрхмүүдийн хүүхдүүд нэр дэвшжээ. 

Одоогоор тодорхой болоод буй МАН болон АН, МАХН, ШИНЭ намуудын хамтрал, Хөдөлмөрийн Үндэсний Намаас нэр дэвшигчдээс улстөрчдийн хүүхдүүдийг онцолж байна. 

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хүргэн 

Ерөнхий сайдын хүргэн Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн 8-р тойрогт нэр дэвшсэн байна. Тэрбээр өдгөө МАН-ын залуучуудын байгууллага болох НАМЗХ-ны Дэд Ерөнхийлөгчийн албан тушаал хашдаг бөгөөд УИХ-ын сонгуулийн өмнөхөн МАН-ын Бага хурлын гишүүнээр сонгогджээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү 

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ Баянзүрх дүүргийн зургаадугаар тойрогт нэр АН-аас нэр дэвшжээ. Тэрбээр Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гишүүнээр бөгөөд АН-ын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү 

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Э.Батшугар Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд МАХН-аас нэр дэвшиж байна. 

Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд тус тойрогт “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшсэн ч 22,991 хүний санал авч өвдөг шороодсон юм. Гурван мандаттай тус тойрогт авсан саналын тоогоороо дөрөвт бичигдэх нь чамлахааргүй амжилт юм. 

УИХ-ын гишүүн асан Р.Гончигдоржийн охин 

Улсын Их Хурлын гишүүнээр нийт таван удаа сонгогдож байсан Р.Гончигдоржийн охин Г.Уянгахишиг Хөдөлмөрийн Үндэсний намаас Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байна. 

Тэрбээр өмнө нь буюу 2020 оны УИХ-ын сонгуульд “Зөв хүн электорат”-аас тус дүүрэгт нэр дэвшсэн ч сонгогчдын саналыг хангалттай хэмжээнд авч чадаагүй юм. 

УИХ-ын гишүүн Л.Болдын дүүгийн хүү

УИХ-д таван удаа сонгогдон, 20 жил төрийн өндөр албан тушаал хашсан Л.Болдын төрсөн дүү Л.Болдхуягийн хүү Б.Билэгт Хан-Уул дүүргийн 18 дугаар тойрогт АН-аас нэр дэвшжээ. 

Аав болон авга ахынхаа үүсгэн байгуулсан "Богд" банканд тэргүүн дэд захирлын алба хашдаг Б.Билэгт Швейцарь улсад бизнесийн удирдлага, санхүүч мэргэжлээр боловсрол эзэмшсэн аж. 

Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Харилцаа холбооны зохицуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу сонгуультай холбоотой бүх мэдээний сэтгэгдлийг түр түдгэлзүүлэв