Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс Оюутолгойн уурхайн цахилгаан эрчим хүчний зарим хэрэглээг хангаж эхэллээ

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

“Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК болон “Оюу толгой” ХХК-ийн хооронд “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-нд гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо.  

Тодруулбал, дотоодын эрчим хүчний системээс уурхайн цахилгааны зарим хэрэглээг хангах ажлын техникийн болон Улсын комисс ажиллаж 13 мегаватт ампер суурилагдсан хүчин чадал бүхий дөрвөн дэд станцыг 35 кВ-ын хүчдэлийн түвшингээр хангаж эхлээд байна. 

Ийнхүү дотоодоос зарим эрчим хүчээ хангах болсноор гадагш урсаж буй валютын урсгал дотооддоо үлдэж, эдийн засагт эерэг үр дүн гарах юм.

Түүнчлэн цаашид цахилгаан эрчим хүч нийлүүлэлтийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлж ажиллахаа талууд гарын үсэг зурах үеэр онцлов. 

"Цаашид говийн бүсийн хэрэглэгч нарын цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах томоохон ажлын эхлэл тавигдлаа"

 
гэрэл зургийг MPA.mn

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” ХХК Монгол Улсад үйл ажиллагаа явуулаад олон жил болж байна. 2013 оноос “Оюутолгой” ХХК импортоор буюу БНХАУ-ын ӨМӨЗО-ны эрчим хүчний системээс цахилгаан эрчим хүч авч ирсэн.

Монгол Улстай хамтран ажиллах гэрээгээр уурхай үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш дөрвөн жилийн дотор үндэсний үйлдвэрлэгчдээс цахилгаан эрчим хүчнийхээ хэрэглээг хангах ёстой. Энэ ажил удаашралтай байгаа хэдий ч тодорхой ажлууд хийгдэж байгаагийн нэг илрэл бол өнөөдрийн үйл явдал юм. 

Одоогийн байдлаар дэд бүтэцтэй холбоотой 600 тэрбум орчим төгрөгийн ажил бүрэн хийгдсэн. Энэ ажлын хүрээнд өнөөдрөөс эхлэн "Оюу толгой" ХХК-ийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний тодорхой хувийг дотоодын үндэсний үйлдвэрлэгч нараас хангах боломжтой бүрдлээ. Мөн цаашид говийн бүсийн хэрэглэгч нарын цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах томоохон ажлын эхлэл тавигдлаа.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн 450 мегаваттын хүчин чадалтай цахилгаан эрчим хүчний станцыг барьж, ашиглалтад оруулахаар тусгагдсан ба бэлтгэл ажил эрчимтэй хийгдэж байна" гэв. 

Монгол Улсын Засгийн газраас Өмнөд бүс, говийн стратегийн орд газруудын цахилгааны хэрэглээг дотоодын эрчим хүчний хэрэглээнээс хангах зорилгоор 220 кВ –ийн гурван дэд станц, 670 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж дуусаад байгаа аж.  

"“Оюу толгой” ХХК-ийн зүгээс дотоодоос эрчим хүчээ авна гэх амлалтаа биелүүлэх нэг алхам боллоо"

 
гэрэл зургийг MPA.mn

“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Өнөөдөр бол дотоодын эрчим хүчнээс "Оюутолгойн уурхай эрчим хүчээ хангаж эхэлж буй тэмдэглүүштэй өдөр болж байна. "Оюу толгой" компанийн менежмент болон техникийн багийн хамт олон маань Эрчим хүчний яам болон “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай хамтран ажилласны үр дүнд дотоодоос эрчим хүчээ авах техникийн боломжийг нээлээ. Компанийн зүгээс дотоодоос эрчим хүчээ авна гэх амлалтаа биелүүлэх нэг алхам гэж бодож байна.

"Оюу толгой"-н уурхай нь уурхайн зэрэглэлдээ томдоо ордог ба олон мянган хүн ажилладаг тул найдвартай эрчим хүч гэдэг маш чухал бөгөөд бизнесийн үйл ажиллагаан дахь чухал зүйлүүдийн нэг юм. Цаашид тус байгууллагуудтайгаа хамтран эрчим хүчээ нэмэгдүүлэх талаар судалж үзэх болно” гэлээ. 

 
гэрэл зургийг MPA.mn