Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Коронавируст халдварын эрсдэлтэй үед тарваган тахал тархвал нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүснэ"

Т.Саран, iKon.mn
2020 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний баг өнгөрсөн долоо хоногт Сөүл, Сидней, Нурсултан, Сиэтлээс тусгай үүргийн нислэгээр ирсэн 1,144 иргэний 1,524 ширхэг 27 тонн ачаа тээш болон 16 тонн карго ачаа, зорчигчдыг тээвэрлэсэн 50 гаруй тээврийн хэрэгсэл, гурван тусгаарлах байранд эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ. Энэ талаар мэдээллийг ЗӨСҮТ-өөс өглөө.

"Коронавируст халдвараас сэргийлэхэд цэвэрлэгээний ажил маш чухал. ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж байгаатай холбоотойгоор бүх боловсролын байгууллагын байранд эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн. Гэхдээ өдөр тутмын байнгын цэвэрлэгээг ахуйн хэрэглээний бодисоор өдөр бүр хийх, тогтмол агаар сэлгэх, хаалга, цонхны бариул, ариун цэврийн өрөөний цэвэрлэгээнд онцгой анхаарах хэрэгтэй" хэмээн Н.Цогбадрах захирал хэлэв.

Үргэлжлүүлэн тэрбээр тарваган тахлын эрсдэл өндөр байгааг санууллаа.

Өнөөдрийн байдлаар тарваган тахлын сэжигтэй 17 тохиолдол бүртгэгдэж, дөрөв нь онош батлагдан хоёр хүн эндсэн байна. Энэ нь сүүлийн 10 жилийн дундажтай харьцуулахад хоёр дахин их байгаа үзүүлэлт.

Хамгийн сүүлд гэхэд наймдугаар сарын 31-нд Увс аймагт сэжигтэй тохиолдол бүртгэгдэн, хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтоогоод байсан бөгөөд онош лабораторийн шинжилгээгээр үгүйсгэгдэн хөл хориог цуцалсан юм.

Түүнчлэн тарваган тахлаас сэргийлэх анхааруулгыг хүргэсээр байгаа хэдий ч төв суурин газар руу тарваганы мах оруулах оролдлого гарсаар байна. Коронавируст халдварын эрсдэлтэй байгаа энэ үед давхар тарваган тахлын халдвар тархвал нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүснэ гэдгийг Н.Цогбадрах захирал анхаарууллаа.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/793995258098099/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.