Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Олдохзаяа: Бид хүүхдүүддээ роботыг програмчилж, дэлхийд өрсөлдөх "ШИНЭ ГАРЦ"-ыг нээнэ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 8 сарын 25
Сурталчилгаа
Зураг зураг

“Улаанбаатар Эмпати” сургууль бол нийслэл төдийгүй Монгол Улсын хэмжээнд чансаагаараа тэргүүлдэг, боловсролын салбарт 26 жилийн туршлага, өөрийн соёлыг бий болгосон тусгай хөтөлбөртэй сургууль билээ. Монгол, англи хос хэлээр сургалтаа явуулдаг энэ сургууль  олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. 2020-2021 оны хичээлийн жилээс сурагчдын бүтээлч сэтгэлгээ, олон талт инженерчлэлийн сэтгэлгээг хөгжүүлэх дэлхийн томоохон хөтөлбөрийг нэвтрүүлэхээр болоод байгаа ажээ. Энэ талаар тус сургуулийн захирал Г.Олдохзаяатай ярилцлаа. Тэрбээр 2011 онд сургуульдаа физикийн багшаар орж, 2018 оноос захирлаар томилогдон ажиллаж байгаа юм.


БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНААР СУУРИЛСАН ХҮҮХДҮҮД ЛОГИК, ДЭС ДАРААЛАЛТАЙГААР СЭТГЭН БОДОХ ЧАДВАРТАЙ БОЛДОГ

-Таныг сурагчдадаа онлайнаар хичээл зааж байхыг харж байсан юм байна. Сургуулийн захирал атлаа хичээл заагаад зогсч байсан нь анхаарал татаж байсан. Нээрээ ч захирал гэхээр тусдаа өрөөнд суугаад, дөрвөн ханын дунд тусгаарлагдах ёсгүй байх, тийм үү?

-Би өөрөө багш хүн болоод ч тэр үү сурагчдад хичээл заахгүй л бол уйтгартай бас хоосон санагдаад байдаг. Ихэвчлэн 12 дугаар ангийнханд хичээл заадаг. Боловсролын байгууллагад ажилладаг, тэгээд багш хүн дөрвөн ханаар тусгаарлагдаж болохгүй. Нөгөө талаар хүүхдүүдэд хичээл заана гэдэг миний хобби. Захирал хүн гэхээр яагаад өрөөнөөсөө гарахгүй, хүүхдүүдээс хол байх ёстой гэж... Харин ч тэдний дунд орж, сургуулийн уур амьсгалыг мэдэрч, сурагчид юуг хүсэж, юуг бодож, ямар асуудал тулгарч байгааг мэдэх нь удирдагч хүний хамгийн чухал ажил гэж боддог.

-Та физикийн багш хүн. Цаашлаад удирдаж буй сургууль тань байгалийн шинжлэх ухаанаар суурилан сурагчдад мэдлэг олгодог. Байгалийн шинжлэх ухаан юу нь чухал юм бэ. Хүүхдүүдэд ямар чадварыг бий болгох вэ?

-Физикийн хичээл дээр авч үзье л дээ. Хамгийн товчхоноор хэлбэл хүүхдүүд физикийн хичээлээр хэмжилт, туршилт, судалгаа хийдэг. Мөн юмс үзэгдлийн зүй тогтол, мөн чанарыг өөр хооронд нь харьцуулан жишиж ойлгодог. Ер нь байгалийн шинжлэх ухааны хичээлээр суурилсан хүүхдүүд аливааг өөр өнцгөөс харах, ямарваа зүйлийг дүгнэхдээ заавал олон удаагийн хэмжилт хийж тодорхойлдог төдийгүй хүснэгтэн мэдээлэл буюу датаг бий болгож түүнд суурилсан илүү сайн дүгнэлт хийх чадвартай болдог. Өөрөөр хэлбэл ямарваа зүйлийг шүүмжлэхдээ эсвэл санал бодлоо хуваалцахдаа тодорхой баримт нотолгоон дээр бүр цаашлаад судалгаанд тулгуурладаг. Тэгэхээр асуудалд нухацтай, логик дэс дараалалтайгаар ханддаг болно гэсэн үг. Энэ чадваруудыг Блумын Таксономийн дээд эрэмбийн чадварууд болох анализ, дүгнэлт хийх чадварууд гэж нэрлэдэг л дээ. Байгалийн ухааны хичээлээр хичээллэсэн хүүхдүүд инженер болдог. Би инженерийн мэргэжилтэй учраас шавь нартаа мэргэжлийн чиг баримжаа олгож, физикийн шинжлэх ухааныг хэрэглээ талаас нь ойлгуулахыг хичээдэг.

-Танай салбар сургуулиуд Кембрижийн хөтөлбөрийг сургалтдаа нэвтрүүлсэн. Ойрын өдрүүдэд аль болох олон сургууль энэ хөтөлбөрийг сургалтандаа нэвтрүүлдэг болох нь чухал талаар ярьж, төр засгаас ч бодлогоор дэмжих талаар ярьж байна. Ингэхэд та сургалтынхаа онцлогийг хамгийн ойлгомжтойгоор танилцуулж өгөхгүй юу?

-Кембрижийн хөтөлбөрийн маш олон онцлог давуу талыг дурьдаж болно л доо. Гэхдээ эдгээрээс таван зүйлийг онцлоё. Нэгдүгээрт, үнэлгээ. Хүүхдийн зөвхөн мэдлэгийг биш, харин чадварыг хэмжиж чадвал тэднийг дараагийн түвшинд аваачиж чадна. Тэгэхээр үнэлгээ бол хүүхдийн хөгжил дэвшилд хамгийн чухал зүйл. Кембрижийн үнэлгээ сургуулийн өмнөх боловсролоос эхлээд 12 дугаар анги хүртэлх бүх түвшний хүүхдийн эзэмших ёстой чадваруудыг маш нарийн, зөв үнэлж чаддаг. Хоёрдугаарт, олон улсад зөвшөөрөгдсөн байдал. “Би англи хэл мэддэг” гэснээс “Би IELTS-ийн 8 оноотой” гэвэл ямар сонсогдож байна? Ялгаатай байгаа биз! Яг үүнтэй адилаар математикийн хичээлээр Кембрижийн шалгалт өгөөд “А” үнэлгээ аваад олон улсад өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх боломжтой болно гэсэн үг. Энэ нь гадаадын их дээд сургуульд ороход өөрийгөө батлан харуулах маш том давуу тал болж өгдөг. Гуравт, багшийн хөгжлийг онцлоно. Сурах бичиг, анги танхим, лаборатори, сургалтын орчин, маш сайн хөтөлбөр байлаа ч багшгүйгээр боловсролыг төсөөлшгүй. Тэгэхээр сайн багш л сайн боловсролыг авчирч чадна. Тэгэхээр Кембрижийн хөтөлбөр багш нараас цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж тасралтгүй хөгжихийг шаарддаг. Тиймээс багшийг хөгжүүлэх маш сайн хөтөлбөрүүдтэй гэсэн үг. Дараагийн зүйл бол сургалтын материал. Сургалтын материалыг амьдрал практикт илүү ойртуулж боловсруулдаг учраас давуу тал ихтэй. Тавдугаарт сургалтын төлөвлөгөөг онцлохоос аргагүй. Сургалтын төлөвлөгөөнөөс сургуулийн бүхий л үйл ажиллагааны ерөнхий төлөвлөлтүүд бий болдог. Тиймээс сайн менежменттэй байхын тулд сургалтын төлөвлөгөө маш чухал ач холбогдолтой. Кембрижийн сургалтын төлөвлөгөө бүр, цаашлаад ээлжит хичээлийн хөтөлбөр нь Блумын таксономын дагуу загварчлагдсан төдийгүй байнга шинэчлэгдэж, орчин үеийн аргазүйгээр багш нарыг дэмждэг.

 

ЭНЭ ЖИЛЭЭС COMPUTER SCIENCE БУЮУ ПРОГРАММЧЛАЛ, КОДЧИЛЛЫН ХИЧЭЭЛ, “BUSINESS STUDIES, ”GLOBAL PERSPECTIVES” ГЭСЭН ГУРВАН ХИЧЭЭЛИЙГ НЭМЖ ОРУУЛАХААР ТӨЛӨВЛӨСӨН


-Эмпати сургуулиуд нийт таван хичээлийг Кембрижийн хөтөлбөрөөр явуулдаг байсан. Энэ жил өөр хичээлүүд нэмэгдэх үү?

-Манайх 6-12 дугаар анги хүртэл гурван түвшинд сургалтаа явуулж байгаа. Анх 2018 оноос хамгийн түрүүнд математик, физик, хими, биологи, англи хэл гэсэн таван хичээлд Кембрижийн хөтөлбөрийг нэвтрүүлж эхэлсэн. Энэ жилээс COMPUTER SCIENCE буюу программчлал, кодчиллын хичээл, “BUSINESS STUDIES, ”GLOBAL PERSPECTIVES” гэсэн гурван хичээлийг нэмж оруулахаар төлөвлөсөн. Ер нь хэрэгжүүлэхийг хүсвэл хөтөлбөр нэвтрүүлэх хичээлүүд маш олон юм. Гэвч “Цөм хөтөлбөр”-тэйгээ уялдуулж бид хичээлийн сонголтоо хийж байна.

-Олон улсын хөтөлбөрөөр төгсөх ахлах ангийн сурагчдад ямар давуу тал бий болох вэ. Жишээ нь сургуулиа төгсөөд гадаадын сургуульд элсэхэд танайхаас авсан сертификат дэлхийд хүлээн зөвшөөрөгдөнө гэж ойлгож болох уу?

-Мэдээж тэгэлгүй яах вэ. 2020 онд олон улсын анхны шалгалтаа хүүхдүүд маань (IGCSE) өгөх байсан ч “Ковид-19”-өөс болоод хараахан чадаагүй. Кембрижийн хөтөлбөрөөр хичээллэж буй сурагчид 9-10 дугаар ангидаа ороод сонгон суралцсан хичээлүүдээрээ IGCSE олон улсын шалгалт өгч сертификат авдаг. Энэ нь шалгалтын үр дүнгээрээ олон улсад өөрийгөө хаана явааг харьцуулах боломж бүрдүүлэх юм. Хэрэв шалгалтын дүн сайн байвал гадаадын их дээд сургуулиудад элсэн орох боломжтой болно. Мөн шалгалтаа өгсний дараа жилээс гүнзгийрүүлсэн түвшний буюу AS, A level-ийн хичээлүүд сонгон судлах эрхээ эдэлнэ. Эдгээр нь ахисан шатны гүнзгийрсэн хөтөлбөр гэж хэлж болно.

-Дэлхийн боловсролын системд, дунд сургуульд шинжлэх ухааны мэдлэг олгох, суурилахыг хамгийн ихээр чухалчилдаг. Танайх яг энэ жишгийн дагуу явдаг нь олзуурхмаар санагдлаа. Олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд энэ суурь нь түлхэц болж өгсөн үү?

-Манай сургууль 1994 оноос хойш байгалийн ухааны хичээлүүдээр гүнзгийрч эхэлсэн. Шинжлэх ухаан суурьтай учраас Кембрижийн хөтөлбөр рүү шилжих хялбархан байсан. Өөрөөр хэлбэл мэргэжлийн чадвартай хүний нөөц бэлэн төдийгүй Монголдоо дотуур байртай, шинжлэх ухааны хичээлүүдийг англи хэл дээр заадаг анхны сургууль тул бидэнд ямар ч асуудал гараагүй. Бид энэ хичээлийн жилээс эхлэн бүх хичээлийг 10-р анги хүртэл жигд үзээд, 10-р ангийн сүүлээр мэргэжлийнхээ чиглэлийг тодорхойлчихсон цаашлаад 11-р ангидаа инженерчлэл, анагаах, нийгмийн ухаан гэсэн гурван чиглэлээс сонголтоо хийж гүнзгийрүүлэн судалдаг болж байгаа. Харин 12-р ангидаа “А level” буюу олон улсын стандартаар явах уу, ЭЕШ-д бэлтгэх үү гэдгээ шийднэ. Үүний зэрэгцээ IELTS, SAT, Монбушо шалгалтад бэлдэнэ. Ер нь Кембрижийн A/AS хөтөлбөрөөр суралцсан сурагчид эдгээр шалгалтыг төвөггүйхэн давах хэмжээнд бэлтгэгдээд төгсөнө гэсэн үг.

-Танай сургууль анх дотуур байртай гэхэд хотын сургууль дотуур байртай гэнэ гээд содон санагдаж байсан. Гэхдээ өнгөрсөн он жилүүдэд танай Амгалангийн энэ сургуулиас маш гайхалтай амжилтууд гарсаар ирсэн. Дотуур байранд амьдрах нь хүүхдэд ямар давуу тал авчирдаг вэ?

-Дотуур байр сурагчдад бие даан амьдрах чадвар эзэмшүүлдэг. Олон төрлийн зан ааштай хүүхдүүдтэй нэг дор байрлаж байгаа учраас бусадтай харилцаж сурахаас эхэлдэг. Амьдралын олон чадварыг дотуур байр төлөвшүүлдэг. Дотуур байрны хүүхдүүдийн хувьд мэдээж олон давуу тал бий. Чөлөөт цагаа маш зөв өнгөрөөдөг. Гэрийн даалгаврын гүйцэтгэл, компьютер, зурагтнаас хол, бие даан суралцах, багш нартайгаа ойр байх гээд яах аргагүй маш олон давуу талтай л даа.

Адаглаад замын түгжрэлд хугацаа алдахгүй, цагаа маш сайн хэмнэнэ. 15.30 цагт хичээл тараад үдээс хойш гурван удаагийн давтлагын цагтай байдаг. Тэр үеэр мэргэжлийн багш нар нь ирж ойлгоогүй хичээлийг нь зааж өгч тусалдаг. Эцэг эхчүүд мөн хуваарийн дагуу ирж жижүүрлэх, хонох боломжийг бид нээсэн. 21.30 цагт давтлага дууссаны дараа багш нар хүмүүжил төлөвшлийн хүрээнд уулзалтын цаг гаргадаг. Ингээд 23.00 цаг гэхэд бүх хүүхэд унтсан байх ёстой. Гэхдээ бид зөвхөн дотуур байранд байх ёстой гэдэггүй, сонголтыг өгдөг. Өмнө нь наймдугаар ангиас авдаг байсан бол одоо зургадугаар ангиас авч байгаа.

Эцэг, эхчүүд ээлжлэн дотуур байранд ирж, үйл ажиллагаатай нь танилцаж, хянах боломжийг нээлттэй гаргадаг.

 

МАНАЙ СУРАГЧДАД КОДЧИЛОЛ, РОБОТЫГ ПРОГРАМЧЛАХАД МОНГОЛДОО ДЭЛХИЙН ЖИШГЭЭР СУРАЛЦАХ БОЛОМЖ БҮРДСЭН


-Энэ хичээлийн жилээс компьютер, програмчлалын хичээлийг зааж эхлэх талаар та дээр дурдсан. Арван жилийн сургалтад COMPUTER SCIENCE буюу кодчиллын хичээлийг нэвтрүүлнэ гэхээр их сонирхолтой, талархууштай санагдаж байна. Нөгөө талаас хүүхдүүд дунд сургуулиа төгссөний дараа л программын хэлийг их сургуульд сурна гэх ойлголт ард хоцрох нь байна шүү дээ?

-Тийм ээ. Манай “Эмпати” сургуулиуд сурагчдадаа программын хэл, кодчлолыг заагаад зогсохгүй, роботыг програмчлах боломжийг олгохоор төлөвлөж байна. Бид хөл хорионы үеүдэд зүгээр суусангүй. БНСУ-ын “Роботис” компанитай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Тус компани робот үйлдвэрлэл, сургалтын шийдэл зэрэг цогц үйлчилгээ үзүүлдэг, дэлхийн 56 орны 200 гаруй гаруй байгууллагатай хамтран ажилладаг. Хамтын ажиллагааны хүрээнд манай сурагчид кодчилол, роботыг програмчлахад Монголдоо дэлхийн жишгээр суралцах боломж бүрдэж байна. Тоглоомын аргаар кодчилол сурах нь хүүхдийн логик болоод инженерчлэлийн сэтгэлгээг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэртэй юм.

-Инженерийн сэтгэлгээ бидэнд яагаад хэрэгтэй юм бэ. Гэтэл дэлхийд тэргүүлж буй энэ салбарын үнэлэмж манайд эсрэгээрээ байдаг шүү дээ?

-Япон улс баялгийн хувьд хязгаарлагдмал атлаа шинжлэх ухааны салбараараа маш их хэмжээний орлого олдог. Гэтэл тэдэнд хүний нөөц арвин. Ихэнх нь зохион бүтээгчид, инженерүүд. Жишээ нь хагас дамжуулагч гэдэг зүйлийг зохион бүтээгээд л улсдаа маш их хэмжээний ашиг авчирч байна. Монгол улсын хувьд байгалийн баялаг ихтэй учраас түүнийгээ боловсруулаад дараагийн түвшинд аваачин гадагшаа экспортолбол илүү их хөрөнгө оруулалтыг хийнэ. Энэ түвшинд хүрч чадахгүй байна гэдэг технологийн дутагдал, инженерчлэл хөгжөөгүйтэй холбоотой. Инженерүүд олноор төрж, дэлхийн жишигтэй хөл нийлүүлж байж л сая Монгол улс хөгжих боломжтой болно. Бид үйлдвэрлэгч орон болох ёстой.

-Таны хувьд манай шинжлэх ухааны салбарт гэрэл гэгээтэй зүйл танд харагдаж байна уу?

-Хүний нөөц бол хангалттай байгаа. Дэлхийн боловсролыг эзэмшсэн чадварлаг залуус зөндөө бий. Одоо улсын бодлого л чухал байна. Улсаас тэднийг дэмжиж, хийж бүтээх боломжоор хангах хэрэгтэй.

-Кембрижийн хөтөлбөр бол хүүхдэд мэдлэг олгохоос гадна тухайн хичээл амьдралд ямар хэрэгтэйг ойлгуулдаг гэж байна. Үнэндээ энэ арга барил өнөөдөр манайд ихээхэн дутагдалтай санагддаг. Өөрөөр хэлбэл бид хэтэрхий ач холбогдолгүйгээр онолддог юм шиг ээ?

-Энэ их өргөн сэдэв л дээ. Жишээ нь математикийн хичээл дээр “Цуваа” гэх сэдвийг үзэж байна гэж бодъё. Тэгвэл хичээлийн эхэнд чамд 500 мянган төгрөг байлаа. Энэ мөнгөөрөө өнөөдөр дугуй авах уу, эсвэл хадгаламжиндаа өсгөөд хэдэн жилийн дараа машин авах уу гэдэг асуултыг асууж болно. Хадгаламжид хийнэ гэвэл энэ мөнгө хэдэн жилийн дараа хэрхэн өсөх тооцооллыг тэгшитгэлээр гаргаж болохыг амьдралын жишээн дээр заах хэрэгтэй юм. Улмаар хичээлийн төгсгөлд асуултынхаа хариултыг өгдөг байх нь чухал. Бид хичээлээ туршилт, практик ажиллагаан дээр зохион байгуулахыг чухалчилдаг бөгөөд мэдлэгийг бататгах, сурсан мэдсэн зүйлээ бодит биелэл болгож, бүтээл гаргах, зохион бүтээх, сурталчлах олон аян, ажлыг зохион байгуулдаг. 

БИД СУРАГЧДАА ДЭЛХИЙН ШИЛДЭГ СУРГУУЛИУДАД ТЭТГЭЛЭГ АВАХАД НЬ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ “ESAP” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛДЭГ


-Дэлхийн шилдэг их сургуулиудаас тэтгэлэг авахад дэмжлэг үзүүлэх ESAP хөтөлбөрийг мөн хэрэгжүүлдэг гэж сонссон. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Дэлхийн топ 500 шилдэг их сургуулийн 139 буюу 30 орчим хувь нь АНУ-д байдаг. Тэдгээр сургуульд төгсөгчид маань суралцах бүрэн боломж бий. Энэ бололцоог бүрдүүлэх зорилгоор манай салбар таван сургууль College counceling төслийн ESAP хөтөлбөрийг (Empathy Study Abroad Program) хэрэгжүүлдэг. Энэхүү программ нь IELTS, SAT  зэрэг шалгалтад бэлтгэхээс гадна хүүхдийн нийгмийн оролцоо, идэвхийг сайжруулах цөөнгүй ажлыг хийдэг. Өнгөрсөн жилүүдэд гэхэд сурагчдын өвлийн амралтаар таван салбар сургуулийнхаа 11, 12 дугаар ангийн сурагчдын дунд IELTS-ийн вакумжуулсан сургалтыг ESAP хөтөлбөрийнхөө хүрээнд хийсэн. Мөн бид “SAT bootcamp”, “Essay camp” зэрэг эрчимжүүлсэн сургалтуудыг хичээлийн жил дууссаны дараа явуулахаар төлөвлөж байгаа.

-Мэдээж сургуулийн сургалтын гол үр дүн бол төгсөгчдийн амжилт. Танай төгсөгчдөөс жил бүр хэчнээн нь олон улсад суралцахаар явдаг вэ?

-Дунджаар 60 гаруй хувь нь гадаадын их сургуулиудад элсэн орж суралцдаг. Элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноогоор манай сургууль улсын хэмжээнд тогтмол эхний байруудад шалгардаг. Энэ нь манай сургуулийн сургалтын чанарыг тодорхойлох болов уу.  Олон шилдэг сургуулиудтай хамтран ажиллах гэрээтэй. Нэг жишээ хэлэхэд бид БНСУ-ын Бусаны үндэсний их сургуультай 2017 оноос эхлүүлсэн хамтын ажиллагааны хүрээнд тус сургуульд манай 32 хүүхэд амжилттай суралцаж байна. Бусаны Үндэсний их сургуулийн профессорууд өөрсдөө ирж манай хүүхдүүдээс шалгалт, ярилцлага авч сонгон шалгаруулалт хийдэг бөгөөд зөвхөн Эмпати сургуулиудад зориулсан тусгай хөтөлбөр гаргасан. Өөрөөр хэлбэл, манай төгсөгчид очсон эхний жилдээ англиар хичээлүүдээ үзээд явдаг юм. Тус сургуулийн инженерчлэлийн факультет нэлээд дээгүүр эрэмбэлэгддэг. Механик инженерийн мэргэжлээрээ л гэхэд дэлхийд топ 100-д багтдаг тул манай сурагчид дэлхийн дэлхийн хэмжээний боловсрол эзэмших боломжтой байгаа. Цаашлаад тус сургуулийн кампуст үйл ажиллагаа явуулдаг Samsung, LG, Hyundai, KIA зэрэг технологийн шилдгүүдэд дадлага хийх боломжтой байдаг жишээтэй.

-Сургууль, хүүхэд, эцэг эх байнгын холбоотой байх нь хүүхэд хичээлдээ амжилттай суралцах нэг нөхцөл гэж хэлж болно. Тэгвэл “Улаанбаатар Эмпати сургууль” энэ хэрэгцээ шаардлагыг хангасан программыг шинэ хичээлийн жилд нэвтрүүлж байгаа гэсэн?

-Бид сургуулийн орчинд сургууль эцэг эхийг холбосон өөрсдийн дотоод сүлжээтэй л дээ. Энэ хичээлийн жилээс ашигладаг байсан программаа илүү сайжруулах зорилгоор “Nomch IT solutions” компанитай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Манай сургуулийн төгсөгчийн үүсгэн байгуулсан “Номч” систем нь сургууль, багш, эцэг эхчүүд хоорондоо мэдээлэл солилцох зорилготой байнгын ажиллагаатай вэб, гар утасны аппликейшн юм. Сүүлийн үед сургуулиуд энэ системийг сонгон хэрэгжүүлж байгаа. Хүүхэд хичээлдээ сууснаас тарах хүртэлх процесс, ямар үзүүлэлттэй сурч байгаа хичээлийн явц зэрэг бүхий л мэдээллийг “Номч” эцэг эхчүүдэд тасралтгүй хүргэнэ гэсэн үг. Ингэснээр эцэг эхчүүд хүүхдийнхээ сурлага хүмүүжлийн талаар цаг алдалгүй мэдээлэл авах боломж бий болно.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье!

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.