Зээлийн хүүг бууруулах стратеги батлах Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын даргад наймдугаар сарын 20-нд өргөн барьсан гишүүд болон Монголбанкны төлөөлөл өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Уг стратегид зээлийн хүүг дөрвөн чиглэлээр бууруулахаар төлөвлөсөн талаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа. Тэрбээр:
Тухайлбал, Банкны тухай хуульд өөрчлөлт оруулж, банкуудыг хувьцаат компани болгоё гэж байгаа. Нэг хүн болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн эзлэх дүрмийн сангийн хувийг 20%-аар хязгаарлаж, үлдсэн 80 хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан худалдъя гэж байгаа юм. Ингэснээр банкуудын өөрийн хөрөнгө нэмэгдэж, олон нийтийн хяналт бий болно гэв.
Зээлийн хүүг бууруулах стратегийн хүрээнд 2023 оны эцэс гэхэд зээлийн жигнэсэн дундаж сарын хүүг 1%-д хүргэх зохион байгуулалтын ажлуудыг тусгасан ба тогтоолын төслийг өнөөдөр эдийн засгийн байнгын хороогоор, ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх юм байна.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Зээлийн хүүг бууруулах энэ удаагийн стратегийн ач холбогдол нь бид Монголбанк болон Банкны холбоотой хамтран боловсруулсан. Сүүлийн гурван жилд зээлийн жигнэсэн дундаж жилийн хүү 3.8 орчим хувиар буурсан. Банкны зүгээс макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг сайн байлгаач ээ гэж буй.
Өнгөрсөн гурван жилд эдийн засгийн үзүүлэлтүүд сайн байсан учраас хүү ийнхүү буурсан. Цаашид ОУВС-ийн хөтөлбөртэй, хөтөлбөргүй банкны салбараа эрүүлжүүлэх нь гол байна" гэв.
Мэдээллийн технологийн ололт амжилтыг ашиглаж банкны зардлыг бууруулах боломжтой хэмээн УИХ-ын гишүүн Г.Амартүвшин хэлээд "Үйл ажиллагааны зардал дээр тогтоол батлагдангуут Монголбанк өөрийн хамааралтай зардал, шимтгэлээ бууруулна. Үүнийг дагаад арилжааны банкууд зардал шимтгэлээ бууруулах ёстой" гэлээ.
Мөн "Дунд хугацаанд арилжааны банкуудын дэд бүтцийг нэгтгэе гэж байгаа. Банк бүр өөрийн пос машин, АТМ-тэй байдаг. Тэгвэл дундын дэд бүтэцтэй болсноор зардлаа хувааж, энэ хэмнэлт харилцагчдад очдог зээлийн зардлыг бууруулна.
Эрсдлийн зардлын тухайд намрын чуулганаар чухал хуулийн төслүүд орж ирнэ. Банкны тулгамдсан нэг асуудал нь муу зээл гарахаар барьцаа хөрөнгөөр зээлийг нь төлүүлэхэд дунджаар 4.5 жил болж байна. Энэ зардал зээлийн хүүнд шингэсэн байдаг. Иймд энэ хугацааг багасгаснаар зардал буурна" гэлээ.
Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн зээлийн хүүг бууруулахдаа гол баримтлах зарчим нь захиргаадалтаар оролцохгүйгээр, зохиомол хөөс үүссэн зардлуудыг хуулийн зохицуулалтаар, зохистой бууруулах санаануудаа оруулж өгсөн гэдгийг онцоллоо.
Стратегитай холбоотойгоор 6 хуульд өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн байна. Эх үүсвэртэй холбоотой зардлуудыг бууруулж, чанаргүй зээлийн шүүхийн маргааныг түргэвчилснээр банкны системийг эрүүлжүүлэх боломжтой гэж үзэж байгаа аж.
Сүүлийн гурван жилд зээлийн хүү сүүлийн 30 жилийн хамгийн өндөр хэмжээгээр буурсан. Үүнд эдийн засгийн өсөлт, санхүү, төсвийн тогтвортой байдал нөлөөлсөн гэж харж байгаа тул эдийн засгаа эрүүл байлгаснаар зорилтоо хүрнэ гэж харж байгаагаа хэлээд "Монгол Улсын эдийн засаг цаашдлаа эрүүлжиж тогтворжиж, улам өсөлттэй байхад бид олон улсын байгууллагуудтай хамтрах шаардлагатай. Энэ хүрээнд банкуудын системийн шинэчлэл эхлээд явж байгаа. Энэ төсөл банкны реформын нэгээхэн ажил гэж болно" гэв.
Мөн "Өндөр дүнтэй хадгаламж эзэмшигчид гэж нэлээд яригдаж байгаа. Үүнийг банкны нэр томъёогоор тусгай хадгаламж гэдэг бүтээгдэхүүн гаргадаг. Тусгай хадгаламж эрэлт нийлүүлэтээр зохицуулагдаж байгаа ч нөгөө талдаа зардлыг огцом өсгөж байгаа. Үүнийг хуулиар зөв зохицуулж өгнө. Үүний дараа өндөр дүнтэй хадгаламж хаачих вэ гэдэг асуулт гарч болно. Энэ нь давуу байдал үүсгэж, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх боломж нээгдэнэ гэж харж байгаа" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!