УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Х.Булгантуяа, Г.Амартүвшин, Ч.Ундрам нар өнөөдөр /2020.08.20/ Зээлийн хүүг бууруулах стратеги батлах Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Эдгээр арга хэмжээнд Засгийн газар, Төв банк, Санхүүгийн зохицуулах хорооны бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг тусгайлан зааснаас гадна санхүүгийн урт хугацаатай тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх нөхцөл, шаардлагыг шинээр хуульчлан тогтоох зэрэг хууль, эрх зүйн шинэчлэлийн санал боловсруулах чиг үүргийг багтаасан байна.
Зээлийн хүүг бууруулах зорилтыг төрөөс коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлэх бодлогын тэргүүлэх зорилт болгон дан ганц байгууллага, албан тушаалтанд хариуцуулахгүй нэгдсэн байдлаар талуудыг оролцоог бүрдүүлэн хэрэгжилтийг хангаж, үр дүнтэй байх үүднээс тогтоолын төслийг боловсруулжээ.
Тогтоолын төслийг боловсруулахтай холбогдуулан зээлийн хүүгийн бүрэлдэхүүн, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлийг тодорхойлсон судалгааны үр дүнг судалж, Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны хуулиар тодорхойлсон зорилт, бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлж болох арга хэмжээний цар хүрээг тодорхойлж, холбогдох санхүү, эдийн засаг, хууль зүйн тооцоо судалгаанд үндэслэн, тогтоолын хэрэгжилтэд хамаарагдах банкуудын санал зэргийг урьдчилан тооцсон бөгөөд тогтоолын төсөл батлагдсанаар улсын төсөвт шууд нөлөөлөхгүй.
Тогтоолын төслийг баталж, хэрэгжүүлснээр санхүүгийн эх үүсвэр нэмэгдэн, хүү буурах макро орчин бүрдэж, санхүүгийн зах зээлийн хөгжил, хууль эрх зүйн орчин, банкны эрсдэл даах чадвар, засаглал, үр ашигт байдал сайжирч, зээлдүүлэгчийн эрх баталгаажин, зээлийн гэрээнд заасан талуудын үүргийн гүйцэтгэл хангагдах суурь нөхцөл бүрдэх ач холбогдолтой гэж тогтоолын төсөл санаачлагчид үзэж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!